logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Их сургуулиудын чансаа ба хэтийдсэн нийлүүлэлт, чанарын зөрүү
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 18 10:40
    1081

    Зургийг: С.Батсайхан

    Их, дээд сургуулиудын эрэмбэ, чансааг МУИС тэргүүлж, Чингис хаан дээд сургууль сүүл мушгив

    Монголд үйл ажиллагаа явуулж буй 61 их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг Боловсрол, шинжлэх ухааны яам танилцууллаа. Бизнесийн орчны хязгаарлагдмал байдалд ажиллах хүчний боловсролын хангалтгүй байдал нөлөөлж буйг тус эрэмбийн түлхүүр үзүүлэлтүүд батлав.

    Анхны эрэмбэ

    БШУЯ-наас гаргасан Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг Монгол Улсын Их Сургууль (МУИС) тэргүүлж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)  болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) удааллаа. Харин Монголын Үндэсний Их Сургууль, Хятад-Монголын хамтарсан олон улсын дээд сургууль, Чингис хаан дээд сургууль тус эрэмбэд сүүл мушгисан байна.

    61 их, дээд сургуулийг багтаасан энэхүү жагсаалтыг олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч, хамтран ажиллаж гаргасан бөгөөд цаашид хоёр жил тутам танилцуулах аж.

    1.png

    Их сургуулиудыг эрэмбэлэхдээ сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, гадаад харилцаа, сургалтын орчин үйлчилгээ, төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон, ажлын байр дээр ур чадвартай байгаа эсэх зэрэг шалгууруудад үндэслэжээ.

    Гол нь судалгаа

    Эрэмбээс харвал ерөнхий чансаагаар 50 хувиас дээш үнэлэгдсэн ердөө есөн их сургууль, харин сургалтын чанараар 60 хувиас дээш 15 их сургууль байна. Өнгөрсөн хугацаанд 27 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сургалтын 1286 хөтөлбөрийг цуцлаад байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус эрэмбийг танилцуулахдаа онцолж байлаа.

    2.png

    Энэхүү эрэмбэд үндэслэн 60 хувиас дээш сургалтын чанартай их сургуулиудын оюутнуудад сургалтын зээлийн тэтгэлэг түлхүү олгох, мөн эрдэм шинжилгээний үнэлгээгээр эхний гуравт орсон их сургуулиудын 20 докторантын судалгааны сургалтыг Төрөөс 100 хувь санхүүжүүлэхээр болсон байна. Их сургуулиуд судалгаа хийдэг, тэрхүү судалгаа нь үйлдвэрлэлд нэвтэрдэг тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг БШУ-ны сайд тодотгосон юм.

    Хэтийдсэн нийлүүлэлт VS чанар

    Ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг дээд боловсролын байгууллага хангаж чадахгүй байгаа нь хөдөлмөрийн захын үзүүлэлтээс илт харагддаг. Бизнес эрхлэгчдийн 58 хувь нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон нь цар тахлын өмнөх үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болохоос гадна аж ахуйн нэгжүүдийн 85 хувь нь шаардлагатай ажиллагчдаа өөрсдөө сурган авч байгааг МҮХАҮТ өнгөрсөн оны судалгаандаа онцолж байлаа.

    unnamed (7).jpg

    Мөн сүүлийн жилүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20-25 хувь нь бакалаврын боловсролтой байх хандлагатайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тайлан харуулж байна. Тодруулбал: их, дээд сургууль төгсөж буй 30 хүний дунд нэг ажлын байр ногдох бол мэргэжлийн боловсрол эзэмшигч зургаан хүн тутмын дунд нэг ажлын байр ногдож байгаа аж.

    Ойрын 5-8 жилд 38 мянган инженер техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай гэсэн БШУЯ-ны тооцоо бий ч монгол залуучуудын ихэнх нь академик боловсрол эзэмшихийг илүүд үзэх хандлагатай болж, мэргэжилд суурилсан боловсон хүчний дутагдал улам даамжрах эрсдэл өндөр байна. 

    Cэтгэгдэл бичих