Орон сууцны барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 28.6 хувиар, өмнөх улирлаас 8.5 хувиар өссөн байна. Ийнхүү өмнөх улирлаас 8.5 хувиар өсөхөд материалын өртөг 8.3 хувиар, машин механизмын түрээсийн зардал 14.9 хувиар, цалингийн зардал 7.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн өртөг, барилгын материалын хомсдол зэрэгтэй холбоотойгоор энэ онд өртөг ихээр нэмэгдээд байгаа аж. Цемент, цементийн төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг он дуустал “тэглэх” шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. Үүнээс өмнө цементийн бүх төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсан байна.
Цемент үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн хөрөнгөөр вагон худалдан авах, хөрөнгө оруулах шаардлага үүсдэг. Өөрөөр хэлбэл цементийн тээвэр, логистикийн асуудал хүндрэлтэй байна гэж Монголын алт (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн дурдаж байсан юм.
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2022 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буюу 30.5 хувиар өсөөд байгаа аж.
Өөрөөр хэлбэл цар тахлын дараа барилгын ажил нэмэгдсэн хэдий ч өртөг өссөн нь бүтээн байгуулалт эрс нэмэгдсэн гэж харагдахад нөлөөлж байна.