
Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” байгууллага Монгол Улсын Засгийн газрын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 650 сая ам.долларын бондын үнэлгээг “S&P Global Ratings”-тэй адил "B" түвшинд тогтоолоо.
“S&P Global Ratings” Монгол Улсын шинээр гаргасан бондын үнэлгээг мөн"B" түвшинд тогтоосон юм.
Гадаад валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдлыг бууруулснаар түвшин ахиулах боломжтойг тодотгож байна. Харин улс төрийн тогтворгүй байдал үнэлгээг бууруулах эрсдэлт хүчин зүйл байж магадгүй гэж үзжээ.
2028 оны нэгдүгээр сарын 19-нд хугацаа нь дуусах ам.долларын бондын үнийг 98.812 ам.доллароор тогтоосон бөгөөд хүү нь 8.65 хувь байна.
Шинэ бондоор 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлнэ. 1.1 тэрбум ам.долларын өр төлбөрийг энэхүү шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэн хэсгийг нь улсын төсвөөс төлж барагдуулах юм.