ОХУ-ын Украинд эхлүүлсэн дайнаас үүдэлтэй эрчим хүчний өндөр өртөг, бодлогын хүүгийн эрчимтэй өсөлттэй зэрэгцэн зүүн Европын улсуудын эдийн засгийн өсөлт III улиралд удааширсан байна.
Тус бүс нутгийн хамгийн том эдийн засагтай улс болох Польшийн дотоодын нийт бүтээгдэхүүн VII-IX сард 3.5 хувиар өссөн нь өмнөх улирлаас 5.5 хувиар бага үзүүлэлт болохыг мягмар гарагт гаргасан тайланд дурджээ. Мөн Румын болон Унгар улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.1 хувь болон 6.5 хувиас тус утс дөрвөн хувь болж буурсан байна.
Евро бүсийн эдийн засаг уналт руу ойртож буй энэ үед зүүн Европын орнуудад инфляц хоёр оронтой тоонд хадгалагдаж, Төв банкнууд нь өнгөрсөн оноос хойш бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Польш дахь амьжиргааны өртгийн хямрал, Румын болон Унгар улсад нүүрлэсэн ган гачиг, төсвийн хямрал нь эдийн засгийн хүндрэлийг нь улам даамжруулжээ.
Польш, Румын болон Чех улс нь Евро бүсийн 19 улстай худалдааны хамаарал өндөр байдаг. Хэдий тийм боловч Евро бүсийн эдийн засаг агшиж эхэлсэн бөгөөд ирэх оны I улирал хүртэл энэ байдал үргэлжлэхийг Европын Комиссын төсөөлөл харуулж байна.
Хэд хэдэн хямралтай зэрэг тэмцэж буй Унгар улсын Засгийн газар хамгийн сүүлд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд үнийн тааз тогтоох арга хэмжээ авсан бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт хоёр улирал дараалан саарах төлөвтэй болоод байна. Харин БНЧУ-ын эдийн засаг хөнгөн хэмжээний уналтад аль хэдийн ороод байгааг тус улсын Сангийн сайд нь мэдээлжээ.
Польш улсад жил гаруйн хугацаанд бодлогын хүүгийн өсөлтийн мөчлөг үргэлжилснээр моргейжийн зээлийн эрэлт огцом унаад байгаа юм. Хэдийгээр тус улсын инфляц сүүлийн 26 жилд байгаагүй хурдтайгаар өссөн ч Польш улсын Төв банк өнгөрсөн долоо хоногт болсон хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээжээ.