
Зургийг: jadegas.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas” компани Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн төслийн туршилтын үйлдвэрлэлээ эхлэхэд ойртсоноо зарлалаа.
Тус хөтөлбөрийн сүүлийн цооног болох “Улаан нуур-15”-ыг наймдугаар сарын 22-ны өдөр өрөмдөж эхэлсэн байна. Цооногийн гүн есдүгээр сарын тавны өдөр 563.9 метрт хүрсэн бөгөөд 524-551 метрийн гүнд 25 метр зузаан хийтэй нүүрс илрүүлсэн байна. Ингэснээр үйлдвэрлэлийн дөрвөн босоо цооног болох “Улаан нуур-5”, 7, 11, 15 цооногууд удахгүй эхлэх туршилтын үйлдвэрлэлийн хөтөлбөрийн шаардлагыг хангажээ.
Цаашид хөндлөн цооногуудаар илүү их хэмжээний хий илрүүлэх төлөвтэй байгааг тодотгож байна. Мөн туршилтын олборлолтын хөтөлбөр 3-6 сарын дараа эхэлнэ гэж тооцоолж байна.
Тус компани өрөмдлөгийн хөтөлбөртөө “Major Drilling” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Хөндлөн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн эхний цооногоо 11 дүгээр сарын эхээр өрөмдөж эхлэхээр байна.
Төслийн ахицын тухайд “Jade Gas” компанийн Гүйцэтгэх захирал "Улаан нуур талбайгаас нэмж хийтэй нүүрс илрүүлснээ баталгаажуулахад таатай байна. Ингэснээр 11 дүгээр сард эхлэх туршилтын үйлдвэрлэлийн хөтөлбөрөө эхлэхэд улам ойртлоо" гэж онцоллоо.