Зургийг: Matthieu Rondel/Bloomberg
“Airbus” компани Номхон далайн бүсийн Австрали, Шинэ Зеланд болон хөрш зэргэлдээх орнуудад ирэх 20 жилд 920 нисэх онгоц нийлүүлэх тооцоотой байна. Үүний 750 орчим нь борлуулалт өндөртэй “A320” загварын нарийн биет ангилалд багтах онгоцнууд байгаа бол 170 гаруй нь том оврын нисэх онгоц болохыг тус компани даваа гарагт мэдээллээ.
Эдгээр онгоцнуудын талаас илүү хувийг шинээр нийлүүлэх бол үлдсэн нь одоо байгаа болон насжилт ихтэй онгоцнуудыг орлох ажээ.
Цар тахал агаарын тээврийн салбарыг уналтад оруулсан ч аялал, жуулчлалын салбарын компаниудын төсөөллөөс хурдацтай сэргэж байгаа юм.
“Airbus”-ийн Номхон далайн бүсийг хариуцсан төлөөлөгч Стефен Форшаугийн мэдээлснээр аялал, жуулчлалын гол чиглэлүүдэд нислэгийн эрэлт нэмэгдсээр байгаа аж.
Одоогоор Номхон далайн бүс нутагт “Airbus”-ийн 170 онгоц нислэг үйлдэж байгаа бөгөөд нэмэлтээр 166 онгоцны захиалга хүлээн авсан байна.