
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг хязгаарлах АНУ-ын төлөвлөгөө квант тооцоолол, хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологиудаас хамгийн багадаа орлогынхоо 50 хувийг бүрдүүлдэг БНХАУ-ын компаниудыг зөвхөн хамрах магадлал өндөр болохыг ойрын эх сурвалж мэдээлжээ.
Ингэснээр ирэх өдрүүдэд Жо Байдены засаг захиргаанаас гаргах шийдвэрүүд хүлээлтээс илүү зөөлөн, хамрах хүрээ нь бага байх төлөвтэй болж байна. Өндөр ач холбогдол бүхий технологиудад БНХАУ-ын нэвтрэх бололцоог хязгаарлах Вашингтоны бодлогын нэг хэсэг болсон тус тогтоолын төслийг жил орчмын турш боловсруулсан юм.
Шинэ журмын дагуу АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд, венчур капиталын компаниудын хувьд хэдийгээр хиймэл оюуны хэлтэстэй боловч ихэнх орлогоо бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг БНХАУ-ын томоохон корпорацуудад хөрөнгө оруулах боломжтой болохоор байна. Түүнчлэн батлан хамгаалахын салбарт зориулагдсан хиймэл оюунд хөрөнгө оруулахыг хориглохын зэрэгцээ бусад хиймэл оюуны үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхдээ зохицуулагч байгууллагад заавал мэдэгдэх шаардлагатай болохыг эх сурвалж мэдээлсэн байна.
Өнгөрсөн сард АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мэдээлэл хийхдээ дээрх тогтоол нь "хумигдмал хүрээ"-г хамрах бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалтын уур амьсгалд "фундаментал нөлөө" үзүүлэхгүйг мэдэгдэж байсан юм. Хэдий тийм боловч БНХАУ-ын зүгээс хөрөнгө оруулалтын хязгаарлалтыг эрс эсэргүүцсэн хэвээр байгаа юм.
Долоодугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин "АНУ худалдаа болон технологийн асуудлыг улс төржүүлж, зэвсэг болгож байгаа"-г БНХАУ эсэргүүцэх болохыг илэрхийлж байв.