Зургийг: Zero Creatives/Cultura/Getty Images
Ажлаас халшрах хам шинж буюу "Burnout" хэмээх ойлголтыг Нью-Йоркийн сэтгэл зүйч Херберт Фройденбергер анх тодорхойлж, томьёолсноос хойш 50 гаруй жил өнгөрч байна. Сүүлийн жилүүдэд бид үүнээс бүрэн ангижирч чадсан мэт санагдавч үнэндээ энэхүү хам шинж улам заналтайгаар эргэн иржээ.
"Deloitte"-ийн сүүлд гаргасан тайлан болон "Workplace Intelligence"-ийн судалгаанд дурдсанаар нийт ажил эрхлэгчдийн 50 гаруй хувь нь ядаргаанд орсон, стресстсэн болохоо илэрхийлсэн бол 60 хувь нь ажлын байран дахь илүү таатай байдлыг эрэлхийлэхийн тулд ажлаа солих талаар бодно гэжээ.
Эн тэргүүнд ажлын байрны "хортой" уур амьсгал хэр нөлөөтэйг дутуу үнэлж болохгүй. Цар тахлын үед буюу 2020 онд АНУ-д хамгийн олон хүн үзсэн цуврал нь оффисын соёлыг егөөдсөн "The Office" байсан нь зүгээр ч нэг тохиолдол биш.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2019 оны ангилалдаа ажлаас халшрах хам шинжийг "мэргэжлээс шалтгаалсан үзэгдэл" гэсэн тодорхойлолттойгоор нэмжээ. Өөрөөр хэлбэл тусдаа эмгэг биш, харин "Зөв зохицуулалт дутагдалтай ажлын байр дахь архаг стрессийн үр дүнд бий болсон синдром" гэж тодорхойлсон байна.
Ажлаас халшрах хам шинж дахин даамжирсны эхний шалтгаан нь тааруу менежмент, хортой ажлын байр зэрэг удаан оршсон асуудлууд бол хоёрдугаарт нь харьцангуй сүүлд гарч ирсэн үзэгдэл болох "Long Covid" орж байна. Хэдийгээр Covid-19 тусаад эдгэсэн ч бие махбодод учруулсан уршиг нь арилахгүй удах энэ үзэгдэл ажилтны ч, ажил олгогчийн ч хяналтаас гадуур зүйл бөгөөд гэрт ч, ажил дээр ч сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. "Brookings Institute"-ийн судалгаагаар хөдөлмөрийн насны 16 сая америкчууд "Long Covid"-оор өвчилсөн аж.
Харин дэлхий дахинд нийт ажил эрхлэгчдийн гуравны нэг нь хэтэрсэн ачаалалтай ажилладаг болохыг ЭЗХАХБ тайландаа дурджээ. Их Британид 2021-2022 оны хооронд бүтээмжээр тооцвол 30 сая ажлын өдөр үр ашиггүй алдагдсан бөгөөд үүний нэг сая гаруй нь ажилтай холбоотой стресс, сэтгэл гутрал, түгшүүрээс улбаалсан байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр стресс ба сэтгэл түгших эмгэг цар тахлаас хойш дэлхий даяар 25 хувиар нэмэгджээ.
"Covid-19-өөс хойш стрессийн түвшин илүү нэмэгдсэн гэж шууд тодорхойлж болохгүй ч ерөнхийдөө мөн чанар нь өөрчлөгдсөн. Бүхий л ажил “байнгын идэвхтэй” төлөвт шилжиж, сул зай олдох л юм бол таны ажлын хуваарийг хэн нэгэн хөндлөнгөөс бөглөчихдөг болж байна. Зөөврийн компьютероосоо холдох нь гэмтэй мэт санагддаг болсон" хэмээн Их Британийн "Virgin Money" банкны Хүний нөөц хариуцсан захирал Сирета Браун өгүүлж байна.
Жулиа Хобсбаум