Гуравдугаар сарын эцсийн байдлаар арилжааны банкнуудын нийт актив хөрөнгийн хэмжээ 46.4 их наяд төгрөг давж, өмнөх сараас 2.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн байна.
Банкнуудын актив хөрөнгийн хэмжээ 2022 оны мөн үед 40 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2021 оны мөн үед 37.2 их наяд төгрөг байсныг Монголбанкны тайланд тусгажээ. Эндээс харахад банкнуудын актив хөрөнгийн жилийн өсөлтийн хурд нэмэгдсэн байна.
Банкнуудын нийт актив хөрөнгийн 21.1 их наяд буюу 45 хувийг зээл бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеийн харьцаанаас таван нэгж хувиар багассан дүн боллоо. 2023 он гарсаар банкнуудаас олгосон зээлийн үлдэгдэл нэмэгдэж сарын өсөлт дунджаар нэг хувиар хэмжигдэх болсон байна.
Нөгөө талаас банкны системийн пассив хөрөнгийн жилийн өсөлт 16 хувь болж, 41.3 их наяд төгрөг хүрчээ. Энэ хугацаанд банкнуудын иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагаас татан төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэж Монголбанк мэдээллээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Монголбанкны бодлогын хүү дөрвөн нэгж хувиар өсөж, 13 хувьд мөрдөгдөж байна. Үүний зэрэгцээ Монголбанкны үнэт цаасанд банкнууд таван их наяд төгрөг байршуулсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 0.6 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм.