logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ОУВС: Дэлхийн хамгийн буурай орнуудад цар тахлын нөлөөллийг арилгахад $436 тэрбум шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 09 14:00
    314
    ОУВС-ийн тооцоолсноор 2026 он хүртэл дэлхийн ДНБ 4 их наяд ам.доллароор буурах төлөвтэй байна

    Дэлхийн хамгийн бага орлоготой 69 улсын цар тахлын дараах сэргэлтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэхийн тулд ирэх таван жилийн хугацаанд 436 тэрбум ам.доллар шаардлагатайг Олон Улсын Валютын Сан (ОУВС) мэдээллээ.

    Энэхүү дүнгийн 170 тэрбум ам.доллар нь боловсролын хоцрогдол, ядуурлыг бууруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэргээр цар тахлын нөлөөллийг арилгахад зарцуулагдах юм. Харин үлдсэн хэсэг нь 2026 он гэхэд бага орлоготой орнуудын дундаж зарцуулалтын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцааг хөгжиж буй орнуудын түвшинд хүргэхэд шаардлагатай гэж ОУВС пүрэв гарагт гаргасан тайландаа дурджээ.

    “Украин дахь дайн болон цар тахлын хавсарсан шок бага орлоготой орнуудад бусдаас харьцангуй ихээр нөлөөлсөн. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сул, тодорхой бус байгаа өнөө үед тэдэнд орлогын өсөлтөө дахин эрчимжүүлэх сорилт тулгарч байна” хэмээн тайланд онцолжээ.

    Буурай орнууд түүхэндээ байгаагүй өндөр өрийн дарамт, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн удаашрал, уналттай тулгараад байгаагийн зэрэгцээ инфляц, бодлогын хүү, хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг даван туулах хэрэгтэй болж байна. ОУВС-ийн тооцоолсноор дэлхийн улсуудын гуравны нэгийнх нь эдийн засаг энэ онд болон ирэх онд хамгийн багадаа хоёр улирал дараалан агшихаар байгаа бөгөөд 2026 он хүртэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн дөрвөн их наяд ам.доллароор буурах төлөвтэй байна.

    Үнийн огцом өсөлт дэлхий даяар Төв банкнууд мөнгөний бодлогоо чангаруулахад хүргэж, АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ эрчтэй нэмэгдүүлснээр ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарсан юм. Үүнийг дагаад хөгжиж буй орнууд 250 гаруй сая ам.долларын өрийн хямралд орсноор өмнө байгаагүй олон тооны дефолтын эрсдэл үүсээд байна. 

    ОУВС-ийн “Ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих” хөтөлбөрийн санхүүжилтийг авах шалгуурыг хангасан тэдгээр 69 улс ядуурал, боловсролын асуудлын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд хэдэн жилээр хоцорч байгаа юм. Мөн тэдгээрийн дийлэнх нь Африкийн орнууд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих