
Авлигатай тэмцэх газрын судалгаагаар Төрийн өмчийн 74 компанийн ашиг сонирхол зөрчил, авлигын эрсдэлтэй 404 албан тушаал байгааг илрүүлжээ.
Тус газрын оны эхний хагас жилийн тайланд дурдсанаар 2021 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд хүлээн авсан мэдээллээр нийт 43 мянга орчим албан тушаалтны мэдээлэлд авлигын эрсдэлийг тооцоолсон байна. Эрсдэлийн шинжилгээгээр дунд болон өндөр эрсдэлтэй албан тушаалтан 6895 буюу 16.2 хувийг эзэлжээ.
Түүнчлэн Төрийн өмчит байгууллагуудаас яамд, гааль, санхүү, цагдаагийн газруудад авлигын эрсдэл өндөртэй албан тушаал хамгийн их байна гэж үзсэн байна. Тухайлбал: Монголбанк, Засгийн газраас татан буулгахаар шийдвэрлээд буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, Газрын тосны газар, Гадаад харилцааны яам, Замын-Үүдийн Гаалийн газар, “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар зэрэг байгууллага багтжээ.
2022 оны эхний хагас жилд 315 албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэсэн байна. Хүлээж авсан ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 110 хувиар, шийдвэрлэсэн мэдүүлгийн тоо 50 хувиар өссөн аж. Авлигал, ашиг сонирхлын зөрчлийн 600 гаруй өргөдөл, гомдлыг шалгаснаас 93.5 хувийг шийдвэрлэжээ.
Мөн 88 албан тушаалтанд холбогдох зөрчлийн мэдээлэл ирүүлснээс 22 албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулж, 10 гомдолд хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Харин 36-г нь гэмт хэрэг гэж үзэн шилжүүлж, 39-ийг бусад байгууллагад шилжүүлжээ. Мөн 123 гомдлын дагуу шалгахад зөрчил илрээгүй гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргасан байна.