
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Хүн амын төрөлтийн түвшин буурч, насжилт нэмэгдэж байгаад БНСУ хариу арга хэмжээ болгож нялх хүүхэдтэй гэр бүлүүдэд ашигтай хүү бүхий ипотекийн зээл олгохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд хүүхэдтэй болсон, мөн өрхийн жилийн орлого нь 130 сая вон болон түүнээс доош гэр бүлүүд 1.6-3.3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах эрхтэй болж байгааг БНСУ-ын Газар, Дэд бүтэц, Тээврийн яамнаас мэдээллээ. Энэ нь арилжааны банкны олгодог зээлээс ойролцоогоор 1-3 нэгж хувиар бага байгаа юм.
Тус улсын Төв банк бодлогын хүүгээ 3.5 хувьд барьсан хэвээр байгаа ч эрх баригчид орон сууцны өртгийг ийнхүү бууруулах шийдвэр гаргасан нь тэд асуудалд хэр нухацтай хандаж буйг харуулж байна.
БНСУ-ын Төв банк үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлийг намжаах үүднээс жил гаруйн хугацаанд мөнгөний бодлогоо чангатгаад байгаа юм.
Тус улсад төрөлтийн түвшин хэдэн жил дараалан дэлхийн хамгийн багад тооцогдоод байна. 2022 онд тус улсын төрөлтийн түвшин 0.78 болж буурчээ. Төрөлтийн түвшин гэдэг нь эмэгтэй хүн амьдралынхаа туршид хэдэн хүүхэд төрүүлэхийг илтгэдэг үзүүлэлт юм.
Харин орон сууцны үнэ эрчимтэй нэмэгдэх нь хосууд хүүхэдтэй болохоос цааргалах шалтгаан болдог гэсэн нийтийн хандлага байдаг аж.
Түүнчлэн хэрэв энэхүү тусгай зээлд хамрагдсан эцэг эх дахин хүүхэдтэй болбол Засгийн газраас нь хүүг 20 суурь нэгжээр нэмж буулган, зээлийн хугацааг таван жилээр сунгана гэдгийг салбарын яамны сайд нь мэдэгдсэн байна.