Зургийг: Ozan Kose/AFP/Getty Image
Энэ сарын эхээр Турк улсад болсон дараалсан газар хөдлөлтийн улмаас тус улсад 34.2 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний биет хохирол учруулсан гэж Дэлхийн банк тооцоолсон байна. Энэ нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх дүн болж байна.
Хохирлын нийт дүнгийн тал хувь орон сууцны байшингууд байгааг Дэлхийн банк онцоллоо. Мөн төмөр зам, хурдны зам, гүүр зэрэг дэд бүтцэд үүссэн хохирлыг тооцоолсон гэж шинжээчид мэдээлжээ.
Хоёрдугаар сарын зургаанд болсон дараалсан газар хөдлөлтөөс хойш Турк болон Сири улсад 5-6 магнитудын хүчтэй 45 чичиргээ бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга давсныг албаныхан мэдээлсэн юм.
Даваа гарагт Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан газар хөдлөлтийн хохирогчдод туслах арга хэмжээнд алдаа дутагдал гарч байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Газар хөдлөлтийн дараах чичиргээ болон цаг уурын тааруу нөхцөл байдлын улмаас газар хөдлөлтийн дараах эхний хэд хоногт аврах ажиллагаа хангалттай хурдтай байж чадаагүйд тэрбээр хүлцэл өчжээ.
Амралтын өдрүүдэд болсон хөл бөмбөгийн тэмцээний үеэр хэдэн мянган хөгжөөн дэмжигчид Режеп Тайип Эрдоаныг гамшгийн дараа хурдацтай хариу арга хэмжээ авч чадаагүй учир огцрохыг шаардан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн Истанбул хотод жагсаал цуглаан болсныг цагдаа нар тараажээ.