
Зургийг: Qilai Shen/Bloomberg
2022 онд БНХАУ-д 6.83 сая гэрлэлт бүртгэгдсэн нь 1986 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болсныг тус улсын Иргэний хэрэг эрхлэх яам мэдээллээ.
2013 онд БНХАУ-д 13.47 сая гэрлэлт бүртгэгдсэн нь дээд үзүүлэлт болж байсан юм. Энэхүү үзүүлэлттэй харьцуулахад 2022 онд бүртгүүлсэн гэрлэлтийн тоо 49.3 хувиар буурчээ.
Тус улсад анх 2019 онд 10 саяас доош тооны гэрлэлт бүртгэгдсэн байна. Түүнээс хойш энэхүү үзүүлэлт жил бүр нэг саяар хорогдсоор 2021 онд 7.64 сая гэрлэлт бүртгэгджээ.
Гэрлэлт ийнхүү буурах болсон гол шалтгаануудын нэг нь БНХАУ-д гэрлэх насны иргэдийн тоо буурсан явдал юм. Статистик мэдээллээр 1980-1989 онд жилийн дундаж төрөлт 22.09 сая байсан бол 1990-1999 оны хооронд 20.85 сая болж буурчээ.
Мөн сүүлийн жилүүдэд хосууд гэрлэлтээ бүртгүүлэхэд төдийлөн яарахаа больсон нь өөр нэг шалтгаан болж байгаа аж. 2010-2020 оны хооронд хятад эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас 24-өөс 27 болж нэмэгджээ. Энэ нь 10 жилийн хугацаанд дөрвөн жилээр хойшилсон үзүүлэлт болж байгаа юм.
Түүнчлэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл 2022 онд БНХАУ-д 2.1 сая хос гэрлэлтээ цуцлуулснаа бүртгүүлсэн бол 2021 онд 2.14 сая хос салж байсан аж.
Харин Монгол Улсад 2022 онд нийт 17 мянга 694 хос гэрлэлтээ бүртгүүлж байжээ. Эдгээрийн дийлэнх хувийг 25-29 насныхан эзэлж байсан аж. 2021 онд нийт 16 мянга 118 хос гэрлэлтээ бүртгүүлсэнтэй харьцуулбал 2022 онд гэрлэлтийн бүртгэл өссөн үзүүлэлттэй байна.