
Зургийг: Jeremy Moeller/Getty Images Europe
БНХАУ-ын хэрэглэгчдийн эрэлт сэргэсэнтэй холбоотойгоор "LVMH” компанийн хувьцааны ханш энэ оны эхнээс дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 33 хувиар өсжээ. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээл ерөнхийдөө өсөлттэй байсан гэж хэлж болохоор байгаа юм.
Хэдий тийм боловч сүүлийн гурван жил үргэлжилсэн өсөлтийн хурд удааширч эхлээд байна. Хэрэглэгчийн зарцуулалт хүлээлтээс их байсан ч Европын улсуудад зээлийн хүү өндөр хэвээр байгаа нь сорилт дагуулж байгаа ажээ.
Тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьцаануудын ханшийн өсөлт энэ онд өсөлтийнхөө дийлэнхийг алдаад байгаа нь компаниудын үнэлгээг таван жилийн дунджаас доогуур түвшинд хүргээд байгаа юм.
Хэдийгээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан ч 2022-2030 онд тус улсын хэрэглэгчдийн зардлын жилийн өсөлт долоон хувьд хүрнэ гэж “Morgan Stanley” тооцоолжээ. Энэ нь 2003-2022 оны 19 хувийн өсөлтөөс хамаагүй доогуур байгаа ч тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний зах зээлд чухал ач холбогдолтой хэвээр байна.
Сүүлийн хоёр жилд АНУ-д тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний цар хүрээ хумигдаад байсан аж. Гэвч “LVMH” Виржил Аблохыг “Louis Vuitton” эрэгтэй хувцасны бүтээлч захирлаар томилсноор энэ байдал өөрчлөгдөж, брэндийг илүү өргөн хүрээтэй, олон төрлийн хэрэглэгчдэд танилцуулж эхэлжээ. Түүний залгамжлагч, хөгжимчин Фаррелл Уильямс “Louis Vuitton” брэндийг үргэлжлүүлэн илүү хүртээмжтэй болгох зорилготой ажиллаж байна. Мөн газрын тосны үнэ өсөх нь Ойрх Дорнодын зарцуулалт нэмэгдэнэ гэсэн үг юм.
Хэдий тийм боловч БНХАУ-ын эдийн засаг улам дордох, чинээлэг давхаргынхан үл хөдлөх хөрөнгө, зах зээлийн уналтаас үүдэн зарцуулалтаа танах эрсдэлтэй хэвээр байна.