logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цахилгаанжуулалтын уралдаанд өнгөлөх “битүү морь” бол автобус...
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 12 16:10
    707

    Зургийг: Nathalia Angarita/Bloomberg

    "Цахилгаан автобус нь хотоо илүү цэвэрхэн болгох Засгийн газрын бодлогуудад яг таг тохирдог. Засгийн газрууд шийдвэрээ л гаргачихвал энэ шилжилтийг хийхэд ядах юмгүй"

    2032 он гэхэд дэлхий даяар нийт автобусны 50 хувь, шинээр худалдаалагдаж буй автобуснуудын бараг дөрөвний гурав нь цахилгаан хөдөлгүүртэй болохыг "BloombergNEF" энэ оны "Electric Vehicle Outlook" тайландаа онцолжээ. Харин нийт суудлын автомашины 50 хувь нь цахилгаан хөдөлгүүрт шилжихэд 20 гаруй жил шаардлагатай бол ачааны автомашинууд дээрх босгоос бүр ч олон арван жилийн зайтай байгаа аж.

    "2022 онд дэлхийн бусад бүс нутгуудад цахилгаан автобусны захиалга эрс нэмэгдсэн. Үүнээс өмнө зөвхөн БНХАУ-д эрэлт өндөртэй байдаг байв" хэмээн "BloombergNEF"-ийн шинжээч Мэйни Юнь Линь Ян онцолжээ.

    Энэхүү өсөлт нь зарим талаараа автобус тээврийн онцлогтой холбоотой аж. Зөвхөн нэг загварыг цахилгаан хөдөлгүүртэй болгосноор дотоод шаталтат хөдөлгүүртэй мянга мянган автобус ашиглалтаас гарна гэсэн үг юм. Тухайлбал Берлин хот 2030 он гэхэд дизель түлшээр явдаг 1600 автобусыг 1700 цахилгаан хувилбараар нь солихоор ажиллаж байгаа бол Нью-Йорк өдгөө нийт бүртгэлтэй 5800 автобусны парк шинэчлэл хийж, 2040 он гэхэд бүрэн цахилгаан болгох зорилт тавьжээ. 

    unnamed (1).jpg

    Нийтийн тээврийн автобусны ашиглалт болон цахилгаан хөдөлгүүр хоорондоо маш сайн зохицдог нь энэ шилжилтийг түргэсгэж буй өөр нэг шалтгаан юм. Хурдлах шаардлагагүй, ачаа багатай, тогтоосон цагийн хуваарийн дагуу зорчдог учраас хотын нийтийн тээвэрт цахилгаан автобуснууд төгс тохирдог байна. Түүгээр зогсохгүй цэнэглэлтийн асуудлыг автобус баазад нэгдсэн байдлаар шийдэх боломжтой тул логистикийн хүндрэл багатай гэсэн үг.

    Олон хотод цахилгаан автобус явуулах нь дизель хөдөлгүүртэй автобуснуудаас өртгийн хувьд төдийлөн ялгаагүй болсныг Мэйни Юнь Линь Ян хэлж байна. Мэдээж түлшний зардлыг хэмнэхээс гадна цахилгаан хөдөлгүүрт тос, агаар шүүгч солих гэх мэт хуваарьт засвар үйлчилгээ шаардлагагүй байдагтай энэ нь холбоотой.

    АНУ-д дизель хөдөлгүүртэй сургуулийн автобус нэг миль тутамд 1.5 кг нүүрстөрөгчийн давхар исэл болон төстэй хорт бодис ялгаруулж байгаа нь эрчим хүчний нэгдсэн шугам сүлжээнээс цэнэглэгддэг дундаж цахилгаан автобусныхаас хоёр дахин өндөр байгааг "Argonne National Laboratory" судалгаандаа дурджээ. "Цахилгаан автобус нь хотоо илүү цэвэрхэн болгох Засгийн газрын бодлогуудад яг таг тохирдог. Засгийн газрууд шийдвэрээ л гаргачихвал энэ шилжилтийг хийхэд ядах юмгүй" хэмээн Ян өгүүлж байна.

    Харин Монголд

    Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарын мэдээлснээр энэ онд 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаагийн 600 нь дизель, 150 нь цахилгаан автобус байх аж. Тооцооллоор цахилгаан автобус өдөртөө 50 мянган төгрөгийн зардал гаргадаг бол дизель автобус 350 мянган төгрөгийн зардал гаргадаг байна.

    Cэтгэгдэл бичих