logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Тимоти Паолини: Монголд маш чухал хөрөнгө оруулалт хийхэд ойрхон байгааг зарлахдаа таатай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 12 16:47
    8709
    “Google” компанийн “ChromeOS Flex”-ийн Борлуулалт хариуцсан тэргүүн Тимоти Паолинитай ярилцлаа

    - Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танай компани Монгол Улсад ямар үйл ажиллагаа эрхэлж буй талаар?

    - “Google for Education” Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хийж буй түншлэлийн хүрээнд Монголд маш чухал хөрөнгө оруулалт хийхэд ойрхон байгааг зарлахдаа таатай байна. Танай Боловсрол, шинжлэх ухааны сайдаас илүү идэвхтэй, эрч хүчтэй сайдтай таарч байгаагүй. Бид түүний дижитал шилжилтийн санаачилгыг дэмжихдээ таатай байгаа.

    - Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд санал болгож байгаа вэ?

    - Бид Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай нэгдсэн түншлэл байгуулахыг зорьж байна. Мэдээж бидэнд “Workspace”, “Classroom” зэрэг “Google”-ийн үйлчилгээ бий. Хэдий тийм боловч “Classroom” бол “Google”-ээс хөгжүүлсэн сургалтын менежментийн систем. Харин Монгол Улс аль хэдийн өөрсдөө их сайн сургалтын менежментийн систем хөгжүүлсэн. Тэгэхээр бид яг тодорхой энэ хэрэгслийг бол ашиглана гэж харахгүй байна. Харин Монголын өөрийнх нь хөгжүүлсэн хэрэгслийг дэмжих болно. Үүнээс гадна техник хангамж талаасаа өөрсдийн “Chrome” төхөөрөмжийг нийлүүлэх зорилготой байна. “Chromebook” болон “ChromeOS Flex” үйлдлийн систем аль алиныг нь. Ингэснээр Монгол Улс одоо байгаа төхөөрөмжөөрөө “Chrome”-ийн эко системд нэвтрэх боломжтой болно. 

    - Монголд инновацыг дэмжихийн тулд Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа вэ? 

    - “Google”-ийн өнцгөөс харахад энэ түншлэлийн утга учир нь Сайдын манлайллыг дагах. Тэгэхээр сайдын болон түүний баг юу хэлж байгааг сонсож, зорилгыг нь ойлгож, “Google” үүнд нь яаж оролцох боломжтой вэ гэдгийг харахыг хичээж байгаа. Дотоодын компаниудын тухайд бид дотоод эко системийг өргөжүүлэхэд туслахын тулд олон улсын мэргэжилтнүүдтэйгээ нисэж ирсэн. Учир нь бид гаднын компаниуд Монголын бизнесийг булаагаасай гэж хүсэхгүй байна. Харин дотоодын бизнесүүдийг хөгжүүлж, дижитал шилжилтэд хувь нэмрээ оруулахад нь зоригжуулмаар байна.

    - Одоо хувьсан байгаа Монголын зохицуулалтын орчинд хэрхэн зохицохоор байна? Эрх зүйн орчныг юу гэж үнэлж байгаа бол?

    - Үнэнийг хэлэхэд одоогийн явц маань маш их урам зориг өгч байна. Ялангуяа Төр, хувийн өмчийн  түншлэлийн шинэ санаачилга. Цаашид юунд хөтлөх бол гэдгийг төсөөлөхөд тун сайхан байгаа. Бидний түншлэлийн хүрээнд олон сайхан үр дүнд хүрнэ гэж бодож байна. 

    - Та ямар нэг сорилт харж байна уу? Магадгүй зах зээлийн хэмжээ гэдэг ч юм уу, эсвэл бусад?

    - Огтхон ч үгүй. Үнэндээ Монгол Улсын амбицыг бүхлээр нь авч үзэхэд их урам авч байна. Монгол шиг улсууд АНУ, БНСУ, Япон зэрэг орноор жишиг болгож ярьдаг талаар олон сонсож байсан. Шулуухан хэлэхэд одоо гүйцэтгээд байгаа явцыг харахад танай улс тэднээс ч илүү үсрэлт хийж, дэлхийн жишиг болж чадна гэж санагдаж байна.

    - Хиймэл оюун, блокчэйн зэрэг шинээр гарч буй технологиудаас танай компаниудын төлөвлөгөөнд болон Монголын технологийн салбарт хэр нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ? 

    - 100 хувь нөлөөлнө. Бид үргэлж л гэнэтийн шинэ технологиуд гарч ирэхийг харж байна. Энэ шинэ технологиуд бүхий л салбарт ямар нөлөө үзүүлэхийг маш анхааралтай ажиглаж байгаа. Түүнчлэн ямар боломжууд дагуулах гэдэгт сэтгэл их хөдөлж байна. Мөн таны мэдэхээр "Google" саяхан хиймэл оюуны багц шинэчлэлээ танилцуулсан. Тэгэхээр бид шинэ технологиудыг илүү гүнзгий судлах талд тун их анхаарч байна.

    Cэтгэгдэл бичих