logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Хосе Санчес: Монгол Улсын төсвийн тэлэх бодлого үргэлжлэхийн хэрээр хуримтлагдсан өрийн хэмжээ нэмэгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 12 11:00
    677
    Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчестэй ярилцлаа

    - Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2022 онд 2.5 хувь, 2023 онд 5.5 хувь байна гэж тооцоолсон. 2023 оны хувьд хамгийн эрсдэлтэй зүйл нь юу байгаа вэ? Валютын ханш гэх мэт гадаад, дотоодын олон хүчин зүйл байна шүү дээ. 

    - Дэлхийн банкнаас хэд хэдэн эрсдэл харж байна. Зөвхөн ирэх жил төдийгүй энэ жилийн үлдсэн хугацааны эрсдэлүүдийг ч бас тооцож байна. Тэгэхээр хамгийн гол дөрвөн эрсдэлийн талаар эхлээд ярья. Эхнийх нь инфляц урт хугацаанд өндөр түвшинд байх.

    Таны мэдэж байгаачлан инфляц яг одоогоор өндөр түвшинд байгаа. Инфляц урт хугацаанд өндөр байх нь юунаас шалтгаалж болох вэ гэхээр, жишээ нь Украинд дайн урт хугацаагаар үргэлжлэх, мөн тухайн Засгийн газар одоо хэрэгжүүлж байгаа газар нутгаа тэлэх бодлогоо үргэлжлүүлсээр байвал.

    Хоёрдугаарт цаашдаа эдийн засгийн өсөлт сулрах. Тухайлбал: БНХАУ-д COVID-19-ийг үл тэвчих бодлого үргэлжилснээр хилийн хязгаарлалтын сунжирч магадгүй.

    Гуравдугаарт хөгжингүй улс орнууд мөнгөний бодлогоо эрчимтэй чангатгаж байгаатай холбоотойгоор хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал нэмэгдэж, валют хүчгүй болох.

    Дөрөвдүгээрт хэлэх гэж байгаа зүйл бол миний хувьд хамгийн чухал нь гэж харж байгаа. Энэ бол гадаад төлбөр болон төсвийн тэнцэл улам доройтох юм. Энэ нь гадаад төлбөр тасалдахад хүргэж болзошгүй. 

    - Тэгэхээр ирэх онд макро эдийн засгийн чиглэлд ямархуу бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Төлбөрийн тэнцэл, валютын ханшийн хямрал зэрэг эрсдэлээс сэргийлэх хүрээнд.

    - Засгийн газрын хувьд хялбархан шийдэл байхгүй гэж харж байна. Энэ чиглэлд томоохон сорилтууд тулгараад байна. Бидний зүгээс Засгийн газар ойрын хугацаанд ханшийг илүү уян хатан болгох хэрэгтэй гэж харж байна. Энэ төрлийн бодлого тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Жишээлбэл: эдийн засагт инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Эсвэл гадаад валютаар нэрлэгдсэн бондын үнэлгээг нэмэгдүүлж магадгүй. Тэгэхдээ ямартай ч богино хугацаанд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж харж байна.

    Үүнээс гадна Засгийн газар ямар төслүүдийг үргэлжлүүлэхээ эргэн харах хэрэгтэй. Тухайлбал: томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд их хэмжээний импортын бараа, бүтээгдэхүүн шаардагддаг. Таны мэдэж байгаачлан дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхийн хэрээр импортын хэрэгцээ нэмэгдэнэ. Ингэснээр төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Богино хугацааны төсөөлөл ийм байна.

    Төлбөрийн тэнцлийн дарамтыг ойрын хугацаанд бууруулаад зогсохгүй цаашид илүү тогтвортой болгох хэрэгтэй. Тэгэхээр дунд хугацааны үр дүнг мөн харах хэрэгтэй гэсэн үг. Энэ хүрээнд Засгийн газар бодлого, хууль эрхзүйн орчныг сайжруулах замаар реформ хийж, худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэйг тодотгомоор байна.

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа. Энэ нь сайн эхлэл гэж харж байна. Хэдий тийм боловч гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар одоогоос л дунд хугацаанд үзүүлэх үр нөлөөллийг харгалзах хэрэгтэй. 

    - Зүүн Азийн Хөгжиж буй орнууд макро эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж байна. Харин Лаос болон Монгол Улсад нөхцөл байдал өөр байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан. Тэгэхээр Монгол Улс дефолт зарлах эрсдэл байна уу? 

    - Ер нь бол аль ч улсад дефолт болох эрсдэл байгаа шүү дээ. Гэхдээ эрсдэл хэр өндөр байгаа нь чухал. Монгол Улсын хувьд Засгийн газрын өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн. Бидний тооцоолсноор одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 82 хувьтай тэнцэж байгаа. Маш хурдацтай өссөн. Хөгжлийн банкны өр, бусад бүрэн баталгаажаагүй өрийг тооцохгүйгээр шүү дээ.

    Төсвийн тэлэх бодлого үргэлжлэхийн хэрээр  хуримтлагдсан өрийн хэмжээ нэмэгдэнэ. Цаашлаад өрөө төлж чадахгүй байх эрсдэл нэмэгдэнэ. Хэдий тийм боловч одоогийн байдлаар Монгол Улс дефолтод орох ноцтой эрсдэл байхгүй гэж харж байна.

    - Монголбанкны мөнгөний бодлогын талаар та ямархуу байр суурьтай байгаа вэ? Мөнгөний бодлогоо хангалттай чангатгаж байгаа юу? Төсвийн бодлоготой уялдсан бие даасан бодлого гаргаж чадаж байна уу?

    - Төв банкны үүрэг бол тогтвортой байдлыг хангах. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны сүүлийн үед гаргасан шийдвэрүүд тогтвортой байдлыг хангах зорилгоосоо хазайгаагүй гэдэгт санал нийлэх байх. Монгол Улсын инфляц голчлон гадаад хүчин зүйлсийн нөлөөлөлтэй байдаг. Нийлүүлэлтийн сүлжээний доголдол, тээврийн зардал өссөн, олон улсад түлш, хүнсний үнэ өссөн, мөн сүүлийн саруудад ажиглагдаж буй валютын ханшийн уналт байна.

    Эдгээр нь ихэвчлэн гадаад хүчин зүйлүүдээс хамааралтай. Гэхдээ үүний хажуугаар эрэлт талаасаа инфляцын дарамтыг нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь миний түрүүн дурдсан төсвийн тэлэх бодлоготой холбоотой. Тэгэхээр инфляцын дарамт зөвхөн гадаад биш дотоод хүчин зүйлээс мөн хамааралтай байна. Төв банк мөнгөний бодлогоо чангатгах нь эрэлтийн шинжтэй инфляцын дарамтыг бууруулахад нөлөөлдөг.

    Үүнээс гадна Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулахаар зорьж байгаатай холбоотой. Мөнгөний бодлого чангарахын хэрээр хөрөнгийн орох урсгалыг дэмжинэ. Нөгөө талдаа хөрөнгийн гадагш урсгалыг хязгаарлана. Мөн мөнгөний хатуу бодлого төсвийн бодлоготой уялдаж байх ёстойг хэлэх хэрэгтэй. Гэхдээ Монголд нэг талд Төв банкны  мөнгөний бодлого чангарч байхад нөгөө талд нь төсвийн тэлэх бодлого үргэлжилж байгаа нь инфляцын дарамтыг улам нэмж байна. Энэ нь эсрэг үр дагавар авчирч магадгүй гэсэн үг.

    Cэтгэгдэл бичих