logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 12 10:00
    163
    Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэв

    Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулахад шаардлагатай бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдэгдлээ.

    Агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах 145.0 тэрбум төгрөгийг  хоёр жилийн хугацаатай, долоон хувийн хүүгийн дэмжлэгтэй олгоход Засгийн газраас 11.0 тэрбум орчим төгрөгийн зээлийн хүүг хариуцаж, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах аж.

    Ингэснээр цар тахлын хоёр жилийн хугацаанд хүнд байдалд орсон агаарын тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх, агаарын тээврийн зах зээлд гарч буй шинэ боломжуудыг шуурхай ашиглаж,  өрсөлдөх боломж бүрдэж байна. Мөн агаарын хөлгийн түрээсийн зах зээлийн хямд үнийн боломжийг ашиглан урт хугацаатай, өртөг багатай түрээсийн гэрээгээр агаарын хөлгийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ажээ.

    Үүнээс гадна орон нутгийн агаарын тээврийн тийзийн үнэ 50 хүртэл хувиар бодитоор буурах боломжтой гэж үзэж байгаагаа Зам, Тээврийн хөгжлийн сайд мэдэгдэв. Орон нутгийн есөн чиглэлд тухайн орон нутгийн иргэдэд тийзийн үнийг хямдруулах зарчмаар татаас олгохоор тооцоход жилд олгох нөхөн олговрын хэмжээ найман тэрбум орчим төгрөг болохоор байгаа аж.

    Зорчигчийн эрэлтээс хамаарч Өлгий, Ховдын чиглэлд долоо хоногт гурав, Улаангом, Улиастай чиглэлд хоёр, бусад чиглэлд нэг удаагийн нислэг гүйцэтгэхээр татаасын хэмжээг тооцоолж, 2019 оны нислэгийн үзүүлэлтийг суурь болгон авч үзжээ. Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, орон нутгийн нислэгийг сэргээх, тогтворжуулахад ихээхэн дэмжлэг болно гэж үзсэн байна.

    Үүнээс гадна агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг Төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар тонн тутамдаа 300-500 ам.доллароор буурах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. Одоогоор нислэг гүйцэтгэж буй гадаадын нисэх буудлуудад агаарын хөлгийн шатахуун тонн нь 1150-1280 ам доллар байгаа бол Улаанбаатарт 1660 ам.долларын үнэтэй байгаа аж. Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 40 гаруй хувийг эзэлж буй шатахууны үнийг тонн тутамд нэг сая гаруй төгрөгөөр бууруулахад орон нутгийн тийзийн үнэ 5-8 хувиар буурах тооцоолол гарчээ.

    Ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарлаад байгаатай холбоотойгоор агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хамгийн хямд тийзээр, хамгийн аюулгүй, ая тухтай нисдэг байх бодлого баримталж байгаагаа Зам, Тээврийн хөгжлийн сайд онцоллоо.

    Cэтгэгдэл бичих