
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын эхний ээлжийн шалгалт энэ сарын 26, 27-нд явагдах гэж байна.
Сонгон шалгаруулалтын эхний үе шат нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын хүрээнд тестийн шалгалт хэлбэрээр явагдана. Үүний дараа ярилцлагын шатанд өндөр оноо авсан хүмүүсийг тохирох албан тушаалуудад санал болгоно гэж ЗГХЭГ мэдээллээ. Одоогоор ярилцлагын шатны дэд ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм байна.
Энэ сарын 16-ныг хүртэл зохион байгуулсан бичиг баримт хүлээн авах үе шатанд нийт 3500 гаруй хүн материалаа ирүүлснээс 2407 хүний материал шаардлага хангажээ.
Эдгээрээс Ахлах менежер албан тушаалд 234, Менежерийн албан тушаалд 345, Гүйцэтгэх албан тушаалд 1828 хүний материал шаардлага хангасан болохыг ЗГХЭГ мэдээлэв.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа
Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам
Бичиг баримтын бүрдлийг нягтлах дэд ажлын хэсэг нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Удирдлагын академи, МҮХАҮТ зэрэг байгууллагаас 19 хүний төлөөлөлтэйгөөр байгуулагдаж ажилласан байна.
Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Монгол” компанийг групп компанийн зохион байгуулалтаар ажиллуулахаар зэс-металл болон нүүрс, эрчим хүчний хоёр бүлэгт хуваасан юм.
Зэс металлын групп нь “Эрдэнэт үйлдвэр”-т, нүүрс эрчим хүчний групп нь “Эрдэнэс Тавантолгой”-д түшиглэх бөгөөд эдгээрийн дор нийт 27 компани багтах ажээ. Эдгээр компани 2012-2022 онд 2.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 3.2 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлсэн байна.