
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Агуулахын нөөцийн илүүдэлтэй холбоотойгоор БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ жилийн доод түвшинд хүрч унаад байна. Эрэлт суларсантай зэрэгцээд Бээжингээс эрчим хүчний аюулгүй байдалд чиглэсэн анхаарлаа нэмэгдүүлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Цахилгаан станцуудад ашиглагдах нүүрсний жишиг үнэ БНХАУ-д энэ долоо хоногт тонн нь 1000 орчим юань буюу 147 ам.доллар хүрч буурсан нь сүүлийн нэг жилийн доод үзүүлэлт болсноос гадна Засгийн газрынх нь тогтоосон үнийн хязгаарыг давж доошилсныг “Fengkuang Coal Logistics” мэдээллээ. Түүнчлэн “China Coal Resource”-ийн дурдсанаар нүүрсний одоогийн үнэ дөрвөн сарын өмнөх дээд түвшнээсээ 40 хувиар доогуур байгаа аж.
Нүүрсний үнэ ялангуяа Сар шинийн баярын дараа доод түвшинд хүрээд байгаа нь БНХАУ Covid-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалсны дараа эдийн засгийн сэргэлт нь тооцоолсон шиг хангалттай хэмжээнд эрчимжихгүй байгаагийн дохио болж байна. Хэдийгээр салбарын үйл ажиллагаа сэргэж буй ч өсөн нэмэгдэж буй агуулахын нөөцийг шингээх түвшинд хараахан хүрээгүй байгаа аж.
Эрчим хүчний хомсдол дахин гаргахгүйн тулд БНХАУ-ын Засгийн газар нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа тус улсын өндөр ачаалалтай зарим боомтуудад агуулахын нөөц 100 хувийн дүүргэлттэй болоод байна. Боомтын операторууд арилжаалагчдад нүүрсний үнээ хямдруулах хүсэлт тавьж эхэлснийг “Ocoal.com” мэдээлжээ.
Эрчим хүчний нүүрсний үнийн төлөв БНХАУ-ын эдийн засгийн сэргэлтийн хурднаас хамаарах магадлал өндөр байна. Олон шинжээчдийн хувьд таамаглалаас удаан сэргэнэ гэж үзэж байгаа ч аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл сэргэж буй шинж тэмдэг ажиглагдаж байна.
Хоёрдугаар сарын еснөөр эцэслэгдсэн долоо хоногт нүүрснээс гарган авах эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөнийг БНХАУ-ын Эрчим хүчний зөвлөл даваа гарагийн тайландаа дурджээ.