
- Ноён Рубенштейн, “Bloomberg TV Mongolia”-д анхныхаа ярилцлагыг өгч байгаа танд баярлалаа.
- Таатай байна.
- Инфляц болон хөрөнгө оруулагчдын хүлээлтийн өнцгөөс харахад таныг Давост сүүлд ирснээс хойш ямар өөрчлөлт гараад байна вэ?
- Сүүлд намайг Давост ирэхэд хүлээлт сөрөг байсан гэж хэлнэ. Харин одоо арай өөдрөг хүлээлттэй байна. Инфляцын хувьд бол бид айдгаа авдартаа хийчихлээ. БНХАУ эдийн засгаа эргээд нээж байна. Тэгэхээр байдал жилийн өмнөхтэй харьцуулахад арай дээрдсэн гэж бодож байна.
- Инфляц оргил түвшиндээ хүрээд байна гэж ОУВС-ийн хоёр дахь гол албан тушаалтан хэлсэн. Та үүнтэй санал нийлж байна уу?
- Оргилдоо хүрсэн гэдэгтэй санал нийлж байна. Энэ бол урьдчилж таамаглаагүй байсан зүйл. АНУ-д одоо инфляц тогтвортой саарч байна. Оны эцэс гэхэд гурав юм уу дөрвөн хувь болж буурчих байх гэж бодож байна.
- Энд зарим хэлэлцүүлгийн үеэр Европын орнууд эдийн засгийн уналтыг тойрон гарах боломжтой гэж зарим албаныхан хэлж байсан. Та ямар бодолтой байна?
- АНУ-ын хувьд бол эдийн засгийн уналтыг тойрох боломж нэлээд өндөр гэж бодож байна. Гэхдээ тодорхойгүй зүйлс байна. Харин Европт хямрал болох магадлал АНУ-ынхаас илүү өндөр. Гэхдээ мэдээж бас тойроод гарах боломжтой.
- Үнэ ханш ёроолдоо очсон, эсвэл дөхсөн энэ үед чадварлаг хөрөнгө оруулагчид худалдан авалт хийж байна гэж өнгөрсөн есдүгээр сард та хэлж байсан. Хөрөнгө оруулалт хийхэд одоо ч таатай үе хэвээрээ байна уу?
- Хоёр сарын өмнө бол байдал дээр байсан. Үнэ арай хямд байсан. Харин одоо хөрөнгийн зах эргээд сэргэж байна. Үнэ эргээд өсөж байна. Хэдий тийм боловч одоо хөрөнгө оруулахад боломжийн үе гэж харж байна. Үнэ хямд хэвээрээ байгаа, 1-2 жилийн дараах үетэй харьцуулахад шүү дээ.
- Та АНУ-ын фирмүүд, корпорацууд БНЭУ, Япон, БНЭУ гэхчлэн Азийн орнуудад их хэмжээний хөрөнгө оруулж байна гэж хэлсэн. “Carlyle Group” таван тивийн 29 оффист 2000 гаруй ажилтантай. Та Азид нэмж хөрөнгө оруулах уу?
- Тэгэлгүй яах вэ. Ази өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ гэж бид үзэж байна. Хүн амаараа бас дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Сүүлийн үед БНХАУ-д Covid-19-ийн талаарх бодлого, зарим зохицуулалтаас үүдэн нөхцөл байдал амаргүй байлаа. Харин БНЭУ анхаарал татаж байна. Бид тус улсад хөрөнгө оруулалт ихээр хийж байна. Хөрөнгө оруулахаар өөр улс орнууд ч байна. БНСУ хөрөнгө оруулахад тун боломжийн байгаа. Зүүн Өмнөд Азийн орнууд ч гэсэн. БНХАУ бас эргээд анхаарлын төвд орж ирнэ. Тиймээс одоо бол Азид хөрөнгө оруулахад тохиромжтой цаг мөнөөс мөн гэдэгт би итгэлтэй байна.
- Зарим тооцооллоор БНХАУ 2030 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг болохоор байгаа. Ямар боломжууд бий болно гэж та харж байна вэ?
- БНХАУ одоо "PPP" буюу худалдан авах чадварын паритет үзүүлэлтээр дэлхийд аль хэдийн тэргүүлж байгаа. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 2030 он гэхэд дэлхийд тэргүүлэх байх. Асар олон үйлчлүүлэгч, хэрэглэгчтэй гэдэг утгаараа гайхалтай том зах зээл. Магадгүй намайг амьд байх үед БНЭУ хүн амынхаа тоогоор БНХАУ-ыг давах байх. Ямар ч байсан аль аль нь маш том зах зээл, бүтээгдэхүүн нийлүүлэхэд маш тохиромжтой зах зээл байх болно.
- Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний талд асар их нөөц бололцоотой. Та хөрөнгө оруулах талаар та бодож үзэх үү?
- Энэ талаар тийм хангалттай сайн мэдэхгүй. Хэдий тийм боловч Монгол Улс байгалийн баялгийн хувьд анхаарал татдаг. Хүн амын мэдлэг боловсрол өндөр. Хөрөнгө оруулахад тохиромжтой улс. Монголд зочлон очно гэж бодож байгаа. Үүнийг нэг их хойш тавихгүй ээ. Очоод өөр юу олж мэдэх нь үү, харж л байя.
- “Carlyle Group” бол нийт 370 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг, дэлхийн хамгийн том, хамгийн төрөлжсөн хөрөнгө оруулалтын фирмүүдийн нэг. Одоогийн өндөрлөгөөс эргээд харвал, танай фирмийн амжилтын гол тулгуур баганууд юу байсан вэ?
- Бид компанийн хяналтын багцыг худалдаж авдаг байдлаас хальж, хөрөнгө оруулалтын өөр олон чиглэлээр ажиллахаар шийдвэрлэж, үйл ажиллагаагаа төрөлжүүлсэн. Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, зээл гэхчлэн төрөлжүүлсэн. Мөн бид дэлхий даяар олон сантай болох замаар бизнесийнхээ хүрээг тэлж, олон улсад гарсан. Олон бүтээгдэхүүн санал болгох замаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын фирм болсон. Олон улсад гарсан. Энэ нь бидний хувьд хамгийн нүдээ олсон алхмууд байх.
- “Carlyle Group”-ийн хувьд хөрөнгө оруулалт хийх боломжтой хөрөнгийн дүн өнгөрсөн оны III улирлын байдлаар 74 тэрбум ам.доллар байсан. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа салбар, чиглэлүүдийнхээ талаар ярихгүй юу?
- Хэд хэдэн чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр байгаа. Эрүүл мэнд, банк санхүү, биотехнологи зэрэгт бид өндөр итгэл үнэмшилтэй байдаг. Эдгээр чиглэлүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Мөн АНУ болон Европын тодорхой зах зээлүүдэд хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, жижиглэнгийн худалдааны чиглэлд бас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх байх.
- Та АНУ-ын Философийн нийгэмлэгийн гишүүн шүү дээ. Хөрөнгө оруулалтын талд та ямар философи баримталдаг вэ?
- Миний баримталдаг зарчим гэвэл, юунд хөрөнгө оруулж байгаагаа мэддэг, бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв бодит нөхцөл байдал таны шийдвэрийн эсрэг эргэвэл бодлоо өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Аль болох урт хугацаагаар хөрөнгө оруулахыг хичээж байгаа. Үнэ арай ханш доогуур байгаа үед хөрөнгө оруулах хэрэгтэй. Одоо бол үнэ доогуур байна. 1-2 жилийн дараа өсчих байх даа.
- АНУ-ын корпорацуудын шунал хэрээс хэтэрлээ гэж 1.3 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг Норвегийн Баялгийн сангийн тэргүүн хэлсэн. Та үүнтэй санал нийлэх үү? Яагаад?
- Үгүй ээ, би санал хийлэхгүй. АНУ бол дэлхийд олон чиглэлд манлайлдаг. Нөхөн төлөлтийн талд ч тэр. Тал талдаа ашигтай байх талд америкчууд маш сайн. Өөр орнуудын хувьд бас ийм байгаа. Норвегийн сан бол том сан. Гэхдээ тэр яриад байгаа шуналын талаар мэдэхгүй байна.
- Та монголчуудад багагүй танигдсан хүн. Салбар салбарын лидерүүдтэй хийдэг таны ярилцлагуудыг “Bloomberg TV Mongolia” телевиз олон нийтэд хүргэдэг. Бас “Хэрхэн хөрөнгө оруулах вэ” гээд таны ном Монголд хэвлэгдэн гарсан. Таны хувьд хийсэн ярилцлагуудаасаа авсан гол сургамж, зөвлөгөө гэвэл юу хэлэх вэ?
- Тогтсон ойлголтын эсрэг яв л гэж хэлмээр байна. Хүмүүс худалдаж ав, эсвэл битгий худалдаж ав гэдэг. Худалд, эсвэл битгий худалд гэдэг. Зах зээл өсөлттэй байгаа үе бол худалдан авах цаг биш. Харин уналттай байгаа үед нь худалдаж авах хэрэгтэй.
- Та “Хэрхэн манлайлах вэ? Дэлхийн хамгийн хүчирхэг Гүйцэтгэх захирлууд, үүсгэн байгуулагчид, хүчтэй тоглогч нарын зөвлөмж” хэмээх номыг бичсэн. Та өөрөө хөрөнгө оруулагч хүн. Бас хүмүүстэй гайхалтай ярилцлагуудыг хийдэг. Олон гайхалтай хүмүүстэй уулзаж ярилцахын давуу тал юу байдаг вэ?
- Ярилцлага хийдэг хүний хувьд салбар салбарын янз бүрийн хүмүүстэй уулзах завшаан тохиодог. Ярилцлагадаа бэлдэхийн тулд их зүйлийг сурч судлах шаардлагатай. Ингэснээр илүү ухаантай болно. Тархи идэвхтэй ажиллана гэх үү дээ. Нэг ёсондоо тархи оюунаа дайчилж, их зүйл шинээр сурч мэдэж, олон янзын хүмүүстэй уулзана. Сайхан тал нь энэ.
- Эргээд эдийн засгийн талаар асууя. 2023 оны хувьд та ямар хүлээлттэй байна?
- АНУ-ын эдийн засаг сайн байна гэж харж байна. Эдийн засгийн уналт хаяанд тулж ирж болох ч яг ч уналтад орчихгүй гэж бодож байна. Инфляц 3-4 хувь болж буурна. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 3-4 хувьтай байна гэж бодож байна. Ер нь давгүй сайн жил болох байх.
- Танай хөрөнгө оруулдаг салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар гэсэн. Энэ салбарын технологийн дэвшил хөрөнгө оруулагчдыг илүү ихээр татах болов уу, та юу гэж бодож байна?
- Алсын зайн оношилгоог энд нэрлэж болно. Covid-19 цар тахлын дэгдэлтийн үеэр бид ZOOM-ээр дамжуулж өвчнөө оношлуулаад, эм бичүүлж авах боломжтойг харсан. Түүнчлэн ДНХ болон геномтой холбоотой өөр бусад технологийн тусламжтай хавьгүй сайн эмчилгээ хийх боломжтойг ч харсан. Мөн харьцангуй богино хугацаанд яаж вакцин бүтээж болдгийг үзлээ. Нэг жил хүрэхгүй хугацаанд шүү. Уг нь вакцин хийхэд ихэвчлэн 4-7 жил шаардагдаж байгаа юм.
- Технологийн салбарт танд ямар боломжууд байна гэж харж байна вэ? Технологийн салбарын компаниудын хувьцааны ханш унасан.
- Тийм ээ. Технологийн салбарын компаниудын хувьцааны ханш унасан. Хэдий тийм боловч багагүй хугацаанд хэт өсөлттэй байсан. Технологийн салбарын ирээдүйтэй чиглэлүүд гэвэл тооцооллын биологи, биотехнологи, квант тооцоолол, хиймэл оюун ухаан, дата шинжлэх ухаан байна. Ойрын хоёр жилдээ технологийн салбарт энэ чиглэлүүд анхаарал татна гэж бодож байна.
- Дэлхийн эдийн засгийн форум Метаверс платформоо нээлээ. Хамтын ажиллагааг илүү хөнгөвчлөхийг зорьж байна. Танд ямар санагдаж байна?
- Дэлхийн эдийн засгийн форум дэлхийн улс өнцөг булан бүрээс хүмүүсийг нэг дор цуглуулах талд маш сайн ажилласаар ирсэн. Дэлхийн эдийн засгийн форум байгаагүй байсан бол чи бид хоёр ингээд сууж байхгүй байсан. Тиймээс сайн ажиллаж байгаа. Аль хэдийн 50 гаруй жилийн түүх бичээд байна. Одоо ч чухал зорилгын төлөө хүчин зүтгэж байна.
- Маш их баярлалаа, Ноён Дэвид
- Тун таатай байна. Тантай хэзээ нэгэн өдөр Монголд уулзахдаа баяртай байх болно.