
Зургийг: tmkenergy.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани метан хийн “Гурвантэс XXXV” төслийн гурван цооног сайн үр дүнтэй хэвээр байгааг мэдээллээ.
Түүнчлэн “TMK Energy” компанийн Монголд коксжих болон эрчим хүчний нүүрсний уурхайн төсөл эзэмшдэг “Terra Energy”-тэй хийсэн хоёр жилийн хугацаатай, хайгуулын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд ажлаа эхэлсэн талаар мэдэгдэв.
“Terra Energy” компанийн хувьд “TMK Energy”-ийн байгалийн хийн “Гурвантэс XXXV” төслийн талбайд байрлах "Баруун Ноён уул" нүүрсний уурхайг эзэмшдэг.
Талуудын байгуулсан хоёр жилийн хугацаатай хайгуулын хамтын ажиллагааны гэрээ нь “Гурвантэс XXXV” төслийг хурдасгах, хоёр компанийн зардлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг “TMK Energy” тайландаа дурджээ.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд талууд нөөцөө боломжоо хуваалцахаас гадна зардлыг 50/50 зарчмаар хуваах юм байна.
“TMK Energy” компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компани Монгол Улсад 15 жилийн хугацаатай хайгуулын лиценз эзэмшиж, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагт урт хугацааны байгалийн хийн олборлолт хийхээр төлөвлөж байгаа юм.