
“Rio Tinto”-ийн саналыг жижиг хувьцаа эзэмшигчид нь хүлээж авахгүй үед үүсэх эрсдэлүүдийг “Turquoise Hill Resources” компани нэрлэлээ. Танилцуулгад хөндлөнгийн шинжээчид, зах зээлийн үнэлгээ хийдэг байгууллагуудаас саналыг шударга гэж дүгнэснийг мэдэгдэв.
Тухайлбал: ХБНГУ-ын “Berenberg” банк “Turquoise Hill Resources”-ийн нэгж хувьцааг 43 ам.доллароор үнэлсэн саналыг “Rio Tinto” болон “Turquoise Hill Resources” аль аль талдаа "Маш шударга санал" гэж дүгнэснээ есдүгээр сард мэдэгдсэн байна.
Түүнчлэн Австралид төвтэй “Macquarie Group” нь “Rio Tinto”-ийг “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн бие даасан Тусгай хорооноос шаардлагатай дэмжлэгээ бүрэн авснаас гадна цөөнх хувьцаа эзэмшигчдийн хувийг хангалттай хэмжээнд үнэлсэн гэж дүгнэснийг тодотгожээ.
Харин “Rio Tinto”-ийн саналыг жижиг хувьцаа эзэмшигчид хүлээж авахгүй бол санхүүжилтийн болон өрийн бусад хүндрэлтэй тулгарна гэж үзсэн байна. Тухайлбал: ирэх 12 сарын хугацаанд багадаа 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай нь жижиг хувьцаа эзэмшигчдэд хүндрэлтэй байж болохыг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсын макро эдийн засаг, зах зээлийн эмзэг байдал, мөн түүхий эдийн ханш унаснаар хувьцааны ханш унах эрсдэлүүд байгааг анхааруулжээ.
“Turquoise Hill Resources”-ийн үлдсэн 49 хувийг зарах эсэх талаар хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурал 11 дүгээр сарын нэгний өдөр болохоор хүлээгдэж байна.
“Rio Tinto”-ийн саналыг “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital” зэрэг гол жижиг хувьцаа эзэмшигчид эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа юм.