Зургийг: Qilai Shen/Bloomberg
Цахилгаан автомашины цэнэг дуусах вий гэх айдсыг бүрэн мартаж болох газар нь Хайнань болжээ.
Өмнөд Хятадын халуун бүс дэх тус арал 75 мянга гаруй цэнэглэх станцтай тул тэндхийн цахилгаан автомашинтай жолооч нар суурин газар хамгийн холдоо 2-3 км яваад л автомашинаа цэнэглэх боломжтой аж. Энэхүү өргөн хүрээг хамарсан сүлжээ нь орон нутгийн удирдлагаас гаргасан 2030 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсоож, цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины эзлэх хувийг 45 хувьд хүргэх төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм. Одоогоор БНХАУ-ын бүс нутгуудын хэмжээнд анхны бөгөөд цорын ганц болоод байгаа энэхүү зорилт нь амжилтад хүрвэл ирээдүйд тус улс даяар цахилгаан автомашины хэрэглээг бүрэн нэвтрүүлэх жишиг арга хэмжээ болж магадгүй байна.
Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих талд Хайнань аралд тодорхой давуу талууд бий. Газар нутгийн хэмжээ нь Сэлэнгэ аймгаас ч бага тул 10 сая оршин суугч нь ерөнхийдөө хол зам туулдаггүй гэсэн үг юм. Өвөлдөө агаарын хэм нь хасах руу ордог Бээжинтэй харьцуулбал уур амьсгал нь зөөлөн тул цэнэг хураагуурын насжилт урт байхад нөлөөтэй аж. Мөн мужийн захиргаанаас цахилгаан автомашины худалдан авалтад татаас олгоход олон арван сая юань зарцуулжээ.
Дээрх бүгд нь Хайнанийг өнгөрсөн онд агаарын бохирдуулалт багатай автомашины нэвтрүүлэлтийн түвшнээр улсдаа хоёрдугаарт бичигдэхэд түлхэц болжээ. Худалдан авагчдад багагүй урамшуулал мөн адил санал болгосон Шанхай хот энэ үзүүлэлтээр тэргүүлсэн байна.
Дашрамд дурдахад, Хайнанийн бүх такси, автобус нь цахилгаан аж.
"Бидний зорилго биелэх нь тодорхой. Хайнань мужийн захиргааны дэмжлэг, мөн арлын хэмжээ болон цаг агаар нь цахилгаан автомашины тэргүүлэх зах зээл бий болоход төгс тохирсон" хэмээн “Geely” компанийн тансаг зэрэглэлийн “Zeekr” брэндийн борлуулалтын ажилтан Жан Хаотянь өгүүлж байна.
Хайнанийн төв Хайкоу хотод бараг хоёр хороолол тутмын нэг нь цахилгаан автомашины цэнэглэх станцтай болжээ. Түүнчлэн цэнэг хураагуурын шинэ технологиудын хэрэглээ Хайнаниас эхлэх болсны нэг жишээ нь “Nio” компани цэнэг нь дуусдаг цэнэг хураагуурыг таван минутын дотор шинээр солиод явах боломжтой шинэ станцаа Хайкоуд анхлан нэвтрүүлсэн явдал аж. Тус компани цаашид 10 мянга гаруй цэнэглэх станц, цэнэг хураагуур солих 1000 станц нэмж нээхээр төлөвлөсөн байна.
Бээжингээс цахилгаан автомашины салбарыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх ажлын үлгэр жишээ бүс нутгаар Хайнанийг сонгосны зэрэгцээ сүүлийн саруудад тус мужийн албан тушаалтнууд туршлага хуваалцахаар бусад мужуудад уригдах болсон аж. Тэдний хувьд дараагийн сорилт нь ачааны автомашиныг цахилгаан хөдөлгүүртэй болгох шилжилт байх юм. Ачааны болон бусад хүнд оврын автомашиныг цэнэглэхэд хүндрэлтэй, үнэтэй тусдаг учраас зардал хэмнэлтийн хувьд суудлын автомашин шиг өндөр биш байдаг.