Зургийг: Qilai Shen/Bloomberg
Аравдугаар сард БНХАУ-д хэрэглээний үнийн индекс хасах утга руу орж, үйлдвэрлэгчийн зардлын бууралт үргэлжилснээр тус улсын дефляцын дарамт улам нэмэгдлээ. Энэ нь БНХАУ эдийн засгийн өсөлтөө дэмжих багц арга хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байна.
Наймдугаар болон есдүгээр сард тэг орчим хувьд байсан хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сард 0.2 хувиар буурсныг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ. Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн дундаж таамаглалаас доогуур үзүүлэлт болж байна.
Аравдугаар сард тус улсын үйлдвэрлэгчийн үнэ 2.6 хувиар буурсан нь 13 дахь сардаа дараалан буурсан үзүүлэлт болов.
Эрэлт сул буй үед инфляцын түвшин үргэлжлэн буурч байгаатай тэмцэх нь БНХАУ-ын бодлого боловсруулагчдын хувьд сорилт хэвээр байна гэж “Jones Lang LaSalle” компанийн Их газрын Хятадыг хариуцсан ахлах эдийн засагч Брюс Панг онцоллоо.
Инфляцын түвшин бага байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт боломжит түвшиндээ хүрэхгүй байгаа бөгөөд мөнгөний болон төсвийн нэмэлт арга хэмжээ шаардлагатай байгааг илэрхийлж байна гэж шинжээчид үзэж байгаа юм.
БНХАУ-ын Засгийн газар сүүлийн саруудад бодлогын хүү болон банкнуудын нөөцөд байлгах ёстой бэлэн мөнгөний хэмжээг бууруулах, нэмэлт бонд гаргах зэргээр мөнгөний болон төсвийн бодлогоо зөөлрүүлж байгаа аж.