Зургийг: president.mn
БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилгын ирээдүйг тодорхойлох форумд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин Бээжин хотноо хүрэлцэн очоод байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож, үг хэлнэ. Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол Улс, БНХАУ болон Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох ажээ. Кремлиэс мэдэгдсэнээр 17-ны өдрийн 21.00 цагт Монгол Улс болон ОХУ-ын Төрийн тэргүүнүүд уулзаж, байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудал болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцохоор байгаа юм.
Гурван улсын хооронд дэд бүтэц, цахилгаан станц, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжилсээр байна. Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” санаачилгын чуулганд оролцохдоо Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсныг Засгийн газар мэдээлж байв. 266 сая ам.долларын өртгөөр босох энэхүү станцын санхүүжилтийг нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхэд бэлэн болоод байгаа юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ удаа БНХАУ-ыг зорих гол зорилго нь Монголоор дамжих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслөө урагшлуулах явдал байхаар байна. Өмнө нь хэд хэдэн удаагийн өндөр, дээд түвшний уулзалтуудаар ОХУ-ын тал төслийг ахиулахыг оролдсон ч БНХАУ-ын тал дорвитой хариу өгөлгүй өдий хүрсэн билээ.
"Сибирийн хүч 2" хоолойн хүчин чадал жилд жилд 50 тэрбум куб метр бөгөөд Монголын газар нутгаар 926.9 км урт хоолой байгуулах юм. Бүтээн байгуулалтын ажил 2024 онд эхлэх бөгөөд 2027-2028 онд ашиглалтад орно гэж тооцоолж байгаа аж.
Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын Төрийн тэргүүнүүдийн хоёр талт уулзалтууд эхлэхээс өмнө Гадаад харилцааны сайд нарын уулзалт боллоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж, цар тахлын хүнд жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө идэвхтэй ажилласныг нь үнэлж буйгаа илэрхийлээд хоёр талын харилцааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
“Бүс ба Зам’’ санаачилгын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах энэ удаагийн дээд түвшний уулзалтад 25 орчим улсын Төр, Засгийн тэргүүнүүд оролцох юм.