АНУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспорт гуравдугаар сард 24 гаруй хувиар өсөж, 27.6 тэрбум ам.доллар буюу дээд хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл экспорт нь сарын дүнгээр 2017 оноос хойш байгаагүй хамгийн өндөр дүнгээр өслөө.
Мягмар гарагт дэлхийн эрчим хүчний салбарт тэргүүлэгч “Saudi Aramco” компани санхүүгийн тайлангаа танилцуулна. Тус компанийн ашиг оны эхний улиралд 32 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс буурсан байж магадгүй гэж шинжээчид тооцоолжээ.
Хэдий тийм боловч энэ нь түүхэн дундаж түвшнээс давсан үзүүлэлт болох аж. Тус компани өнгөрсөн оны IV улиралд хөрөнгө оруулагчдадаа 19.5 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилсан юм.
АНУ-ын эрчим хүчний салбарын компаниудын хувьцааны ханш унах төлөвтэй байна. Тухайлбал: ханшид “Death Cross” буюу “Үхлийн огтлолцол” 2018 оноос хойш анх удаа илэрчээ. “Exxon Mobil”, “Chevron” зэрэг томоохон компаниудын тайлан сайн гараад байгаа юм. Хэдий тийм боловч дэлхийн эдийн засаг уналтад орох магадлал өндөр байгаа нь гол эрсдэл болж байна.
Цэнэг хураагуурын гол түүхий эд литийн үнэ БНХАУ-ын зах зээлд өнгөрсөн оны 11 дүгээр сард дээд түвшинд хүрсэн ч түүнээс хойш 70 гаруй хувиар буураад байсан юм. Харин литийн үнэ бага зэрэг эргэн сэргэлээ. Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины эрэлт өндөр байх төлөвтэй байгаа нь үүнд нөлөөлж байна. 2040 он гэхэд литийн эрэлт одоогийн түвшнээс 16 дахин өсөж магадгүй гэж “BloombergNEF”-ийн шинжээчид таамаглажээ.