Зургийг: Sotheby's
Байгалийн нэгэн гайхамшиг болсон үлэг гүрвэлийн яс өдгөө зөвхөн музейд зочлогсдыг гайхшируулахаа больжээ.
Бэлтэй эрхмүүд тэдгээрийг үнэт чулуу, эртний гар бичмэл, урлагийн бүтээл мэт цуглуулдаг болсон байна. Тэр дундаа Холливудынхан, технологи болон санхүүгийн салбарын элитүүд үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаагаар үнэ хаялцан авах тренд хүчээ авч байна. Тухайлбал: 2020 онд "Stan" хочтой тираннозаврын бүтэн араг яс Нью-Йоркт "Christie’s"-ийн дуудлага худалдаагаар бараг 32 сая ам.доллароор зарагдаж байсан бөгөөд өдгөө Абу-Даби хотын байгалийн түүхийн шинэ музейн гол үзмэр болох гэж байгаа аж.
Харин энэ долоо хоногт "Sotheby’s"-ийн дуудлага худалдаанд орох нисдэг птеранодоны араг яс зургаан сая ам.доллар давсан үнээр зарагдах төлөвтэй байна.
Ашгийн сэдэл бий болсноор шинээр илрэх олдворуудын тоо нэмэгдэх нь зүй боловч цуглуулагчид үнэ цохин музейнүүдээс өрсөж, чухал олдворууд тансаг харш дотор түгжигдэж, үлэг гүрвэлийн яс нь дараагийн байх ёстой хөрөнгө оруулалт мэтээр яригдаж байгаа нь олон хүний сэтгэлийг өвтгөж байна. Ялангуяа ховор, сонирхолтой төрөл зүйлүүдийн ясны олдоц муудна гэсэн эрдэмтэд хамгийн ихээр санаа зовж байгаа аж.
Олон оронд үлэг гүрвэлийн олдворыг Төрийн өмчид тооцож, худалдаа экспортыг нь хориглосон байдаг бол АНУ-д хэрэв хувийн эдлэн газраас олдсон бол аливаа хязгаарлалт тогтоодоггүй байна. Сүүлийн үед арилжаалагчид болон дуудлага худалдааны компаниудын зарж буй олдворуудын ихээхэн хувийг хувийн эдлэн газраас ашгийн төлөөх малтлагын ажлаар олж илрүүлжээ.
"Чулуу хөрсний элэгдэл, цаг уурын үзэгдлээс болж ил гарсан олдворууд л одоо олдож байгаа. Тэдгээрийг палеонтологийн бизнес эрхлэгчдэд даатгаж аюулгүй ухан гаргах, эсвэл үүрд алдах гэсэн хоёр л сонголт бий" хэмээн "Sotheby’s"-ийн Шинжлэх ухаан, соёлын хэлтсийн захирал Кассандра Хаттон онцолж байна.