logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    ОХУ-ын эдийн засаг дайны өмнөх үеийн түвшинд хүрэхэд 10 жил шаардагдаж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 07 08:20
    453
    АНУ болон Европын Холбооноос авч буй хориг арга хэмжээнүүдийн нөлөөгөөр ОХУ-ын эдийн засагт удаан хугацаанд үргэлжлэх гүнзгий хямрал нүүрлэж магадгүйг тус улсын Засгийн газрын бэлтгэсэн дотоод тайланд дурдсан гэж “Bloomberg” мэдээллээ.

    Тайланд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг гурван хувилбараар тооцоолон харуулжээ. Үүнээс хоёр хувилбар нь ирэх онд эдийн засгийн агшилт улам эрчимжинэ гэж үзсэн байна. Ингэснээр ОХУ-ын эдийн засаг дайны өмнөх түвшинд 10 буюу түүнээс дээш жилийн дараа л эргэн хүрэх магадлал өндөр байгаа аж.

    "Эрчтэй унах" хувилбарт ОХУ-ын эдийн засаг ирэх онд 2021 оны түвшнээс 8.3 хувиар доогуур байх бол "Хүнд нөхцөлд" орох хувилбараар эдийн засгийн өсөлт нь 2024 онд өнгөрсөн оныхоос 11.9 хувиар бага байхаар байна. Эдгээр хувилбарт улам бүр нэмэгдэж буй хориг арга хэмжээний дарамтыг нэмж тооцоолжээ. Мөн хоригт илүү олон улс орон нэмэгдэх магадлалтай гэж үзсэн байна.

    Европ ОХУ-ын газрын тос, байгалийн хийн импортоос эрс татгалзаж байгаа нь тус улсын дотоодын зах зээлд ч хүчтэй нөлөөлж магадгүй байгааг тайланд дурджээ.

    Тайлангаас харвал барууныхны авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ ОХУ-ын импорт, экспортын дөрөвний нэгийг хамарч байгаа нь тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл "Бүх төрлийн тээвэрлэлтэд нөлөөлж байгаа" гэдгийг тодотгожээ.

    ОХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн болох Европт нийлүүлэх байгалийн хийг бүрэн зогсоосноор жилд 6.6 тэрбум ам.долларын татварын орлого алдагдах магадлалтай гэж “Bloomberg Economics” тооцоолсон байна. Мөн металл үйлдвэрлэгчид хоригоос хойших эхний жилд 5.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байгааг тайланд анхааруулжээ.

    7-4.JPG

    Импортын хоригийн улмаас хамгийн өндөр эрсдэлд орох салбарууд:

    - Хөдөө аж ахуй, тэр дундаа шувууны аж ахуйн 99 хувь, Голштейн үүлдрийн үнээний фермийн сүүний үйлдвэрлэлийн 30 хувь нь импортоос шууд хамаардаг.

    - Агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн 95 хувийг гадаадад үйлдвэрлэсэн хөлгүүдээр үйлдэж буй бөгөөд агаарын хөлгийн эд анги, сэлбэг хэрэгслийн импорт хумигдсанаар нислэгт гарах онгоцны тоо цөөрнө.

    - Үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн 30 хувийг л дотооддоо үйлдвэрлэдэг бөгөөд өсөн нэмэгдэж буй үйлдвэрүүдийн эрэлтийг хангах боломжгүй.

    - Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 80 орчим хувь нь импортын түүхий эдэд түшиглэдэг.

    - 2025 он гэхэд мэдээлэл технологийн 200 мянган мэргэжилтэн эх орноо орхиж магадгүй гэж тооцоолсныг тайланд онцолсон байна.

    Cэтгэгдэл бичих