
Зургийг: Angus Mordant/Bloomberg
Хоёр жилийн өмнө IPO хийж байсан оффис түрээсийн “WeWork” компани энэ долоо хоногийн эхээр дампуурлаа зарласан ч хамтран үүсгэн байгуулсан Адам Нойманнд нөлөөлсөнгүй. Тус компани 19 тэрбум ам.долларын өртэй. Харин хөрөнгө нь 15 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Дээр нь урт хугацаанд хөрөнгө оруулсан “SoftBank”, “Vision Fund” зэрэг компаниуд ч өндөр алдагдал хүлээж байгаа юм.
Тус компанийг хамтран үүсгэн байгуулж, 2019 онд компанийн анхны IPO бүтэлгүйтсэний дараа ажлаа өгсөн Адам Нойманн зарим талаар компаниас гарсандаа баярласан гэхэд болохоор байгаа юм. Хэдийгээр түүний нэр хүнд унасан ч компаниас гарсан нь түүнийг нэлээн хөрвөх чадвартай болгож, хөрөнгө нь одоо ч 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж буйг “Bloomberg Billionaires Index”-ээс харж болохоор байна.
“WeWork урьд урьдаас илүү эрэлттэй байгаа бүтээгдэхүүнийг давуу талаа болгож чадаагүйг хажуугаас нь харахад хэцүү байна” хэмээн өдгөө 44 настай тэрбээр өгүүлжээ.
Хэдий тийм боловч “WeWork”-ийн уналт нь Адам Нойманны хөрөнгөд нөлөөлсөн нь баттай юм. Тус компани 2021 онд тусгай зориулалтын нэгдэн нийлэх хэлцлийн компанитай нэгдэж IPO хийх үед Адам Нойманны хөрөнгө 2.3 тэрбум ам.доллар байсан нь “WeWork”-ийн хувьцааны гуравны нэг орчим нь байлаа. Түүнээс хойш “WeWork” компанийн хувьцааны ханш 99-өөс дээш хувиар унасан аж.
“WeWork”-ийн дампуурал Японы тэрбумтан Масаёши Соны удирддаг “SoftBank”-ийг ойролцоогоор 11.5 тэрбум ам.долларын алдагдалд хүргээд байна. Мөн 2.2 тэрбум ам.долларын авлага ч үлдээжээ.
Харин ойрын өдрүүдэд Адам Нойманн “Flow” хэмээх шинэ стартап компани дээрээ ажиллаад завгүй байгаа аж. Үүндээ “Andreessen Horowitz” хамтын хөрөнгө оруулалтын компаниас 350 сая ам.долларын санхүүжилт авсан бөгөөд үйл ажиллагаагаа эхлэхээс ч өмнө 2022 оны наймдугаар сард зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум ам.доллароор хэмжигдиж байжээ. “Flow” стартап нь өрхүүдийн хамтран эзэмших боломжтой орон сууцны чиглэлд үйл ажиллагаа явуулах юм байна.