
Зургийг: Eilon Paz/Bloomberg
Газрын тосноос олох орлого нь огцом нэмэгдсэнээр Өмнөд Америкийн Гайана улсын эдийн засаг энэ онд 38 хувиар өсөхөөр байгааг Олон Улсын Валютын Сан мягмар гарагт мэдээлжээ.
Их хэмжээний нөөцтэй газрын тосны оффшор ордуудад нь “Exxon Mobil” компани 2015 оноос өрөмдлөг хийж эхэлснээр сүүлийн таван жилийн хугацаанд Гайана улсын эдийн засаг дөрөв дахин тэлээд зогсохгүй энэ хурдацтай өсөлт нь цаашид багагүй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
"Дунд хугацааны өсөлтийн төсөөлөл нь урьд байгаагүй сайн байна. 2024-27 оны хооронд гурван шинэ талбайд олборлолт эхэлж, 2028 оны эхний хагаст зургаа дахь талбайн олборлолт эхлэхээр байгаа тул газрын тосны гарц нь эрчимтэй өссөн хэвээр байна" хэмээн Олон Улсын Валютын Сан тайландаа дурдсан байна.
800 мянга гаруй хүн амтай нь харьцуулбал тус улсын газрын тосны нөөц асар их бөгөөд удалгүй Кувейтийг гүйцэж, нэг хүнд ногдох түүхий газрын тосны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч болох төсөөллүүд ч гараад байгаа аж.
Англиар ярьдаг Өмнөд Америкийн ганц улс болох Гайана Үндэсний баялгийн сан байгуулахаар хууль баталсан төдийгүй боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцэд зарцуулах төсвөө огцом нэмэгдүүлж байгааг Засгийн газар нь мэдээлжээ.