
Зургийг: Andrei Pungovschi/Bloomberg
Цар тахлын дараах хэвийн амьдрал хэдийгээр удаан хүлээлгэж байж ирсэн ч дэлхийн хотуудын амьдрахад таатай байдлын үзүүлэлтэд томоохон өөрчлөлтүүд авчирсан байна.
"Economist" сэтгүүлийн судалгааны нэгжээс (EIU) гаргадаг Дэлхийн амьдрах бололцооны индексэд Австрийн нийслэл Вена хот хоёр дахь жилдээ дараалан тэргүүлж, амьдрахад хамгийн таатай хотоор шалгарчээ.
Харин Копенхаген, Мельбурн хотууд удаалсан бол жагсаалтын эхний 10-т Канадын гурван хот багтсанаараа онцлог болж байна. Дэлхий даяар амьдрал хэвийн байдалдаа эргэн шилжсэнээр боловсрол, эрүүл мэнд, соёлын үзүүлэлтүүд дээшилж, тус индексэд багтсан хотуудын энэ оны дундаж оноо 15 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна. Тэр дундаа Ази-Номхон далайн хотуудын үзүүлэлтэд хамгийн том ахиц гарч, өнгөрсөн оноос хамгийн олон байр урагшилсан 10 хотын найм нь Азийн хотууд байгаа аж. Тухайлбал: Шинэ Зеландын Веллингтон 35 байр ахиж, 23 дугаарт, Окленд 25 байраар урагшилж, 10 дугаарт бичигдсэн бол Вьетнамын Ханой 20 байр ахин, 129 рүү орж ирсэн байна.
Харин хамгийн олон байр ухарсан хотууд дунд Их Британийн Эдинбург, Манчестер, Лондон болон АНУ-ын Лос-Анжелес, Сан Диего хот багтжээ.
Жагсаалтын сүүлийн байруудад нийгмийн тогтворгүй байдал, терроризм, зөрчил мөргөлдөөнд олон жилийн турш нэрвэгдсэн Дамаск, Сири, Триполи хотууд бичигдсэн байна. EIU нь энэхүү индексэдээ дэлхийн 125 хотыг тогтвортой байдал, эрүүл мэнд, соёл ба орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн таван үндсэн ангилалд тооны болон чанарын 30 гаруй үзүүлэлтээр үнэлж эрэмбэлдэг.