logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хүний тархинд чип суулгах Илон Маскийн стартап мэс ажилбараа хийхэд бэлэн болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 09 13:30
    527

    Зургийг: Damien Maloney for Bloomberg Businessweek

    “Neuralink” компани хүний тархинд мэс ажилбар хийх зөвшөөрлөө АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний албанаас аваад байна

    Илон Маск карьерынхаа хамгийн чухал босгыг давах гэж байна. Хэдий тийм боловч энэ нь сансрын хөлгийн технологи биш, харин тархины мэс ажилбар юм. Илон Маскийн “Neuralink” компани мэс ажилбарын анхны туршилтад орох сайн дурын нэг хүнийг хайж байгаа аж. Үүнд мэс засалч гавлын ясны нэгээхэн хэсгийг зүсэж авсны дараа роботын тусламжтайгаар электродууд болон нарийн утаснуудыг тархинд суулгах үйл явц өрнөх юм. Роботын мэс ажилбар дуусмагц гавлын цоорхой хэсгийг зоосны хэмжээтэй компьютероор нөхөх бөгөөд энэ нь арьсан дор хэдэн жил байршина. Харин тэрхүү компьютер хүний тархины үйл ажиллагааг хянан шинжлээд, боловсруулсан мэдээллээ ойролцоох зөөврийн компьютер эсвэл таблет руу утасгүй холбоогоор дамжуулах аж. 

    Туршилтад оролцох хүн 40-өөс доош насны, дөрвөн мөч нь саажсан, насанд хүрсэн хүн байх юм бол туршилтын зорилтод нь хамгийн их нийцэхээр байгаа юм. Тодруулбал: энэ төрлийн өвчтөнд  “Neuralink” компанийн имплантыг тархин дахь гар, бугуй, шууны хөдөлгөөнийг удирддаг хэсэгт суулгах ажилбар хийх аж. Ингэснээр тухайн төхөөрөмж өвчтөний тархины хэсгээс хэрэгтэй мэдээллийг ямар ч аюулгүй цуглуулах чадвартай гэдгийг батлан харуулах аж. Энэ нь хүний бодлыг компьютерын ойлгож хүлээн авч чадах янз бүрийн команд болгон хувиргахыг зорьж буй  “Neuralink”-ийн хүчин чармайлтад чухал алхам болох нь гарцаагүй юм. 

    1400x1050.jpg

    Тэгвэл өвчтөнд бодлоороо ойр зуурын үйлдэл хийх чадамж олгох, жишээлбэл: курсор хөдөлгөн дэлгэц дээр үйлдэл хийхэд нь туслах имплантыг хэд хэдэн компани, судалгааны багууд аль хэдийн бүтээгээд байгаа аж.

    Харин Илон Маскийн арга барилтай “Neuralink” компани илүү итгэмээргүй амлалтуудыг өгч байгаа юм. Тус компани дөрвөн жилийн өмнө анх танилцуулагдсан цагаасаа хойш Илон Маск олон нийтэд роботууд хүнд 15 минут мэс ажилбар хийгээд хүн-машины хайбрид бүтээдэг эмнэлэг удахгүй хаа сайгүй бий болно гэсэн төсөөллийг өгч байв. Эдгээр “киборг”-ууд нь “Matrix” киноны Киану Ривз шиг мэдээллийг тархиндаа татан суулгах эсвэл бодлоо файлд хийж хадгалах бүр өөр тархи руу шилжүүлэх ч чадвартай байх аж. 

    “Энэ нь хачин сонсогдож магадгүй, гэхдээ хэзээ нэг өдөр бид хиймэл оюунтай симбиоз хамтын ажиллагааг бүтээнэ” хэмээн Илон Маск 2019 онд компанийнхаа танилцуулгыг хийхдээ дурдаж байсан юм. Тухайн үед компани нь хүн дээрх туршилтаа 2020 онд эхлүүлнэ хэмээж байлаа. 

    Бодитоор үл хэрэгжих төлөвлөгөөний хуваарь гаргах нь Илон Маскийн дуртай менежментийн нэгэн арга барил гэлтэй. Хүн үнэмшмээргүй хэд хэдэн мөрөөдлөө тэрбээр эцэст нь биелүүлснээ ч хэлж байв. Хэдий тийм боловч пуужин, автомашин бол бодитой бизнес.

    Харин тархины имплант бол өөр түвшний төгөлдөржүүлэлтийг шаардана. Тархины имплантыг зах зээлд яаран гаргаж, бүх зүйлийг сайхан бүтээсэй гэж найдах нь энд боломжгүй зүйл юм.

     

    Эшли Ванс/Bloomberg

    Cэтгэгдэл бичих