
“Tesla” компани Индонез улсад шинэ үйлдвэрээ барих урьдчилсан тохиролцоонд хүрэхэд ойрхон байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Илон Маскийн компанийн хувьд Зүүн Өмнөд Азийн тус улсын цэнэг хураагуурын гол металлын нөөцийг үйлдвэрлэлийн давуу талаа болгохоор төлөвлөж байгаа юм.
Шинээр баригдах үйлдвэр жилд нэг сая гаруй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай болохыг мэдээлсэн нь “Tesla”-ийн дэлхий даяарх бүх үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг ижил түвшинд хүргэн нэмэгдүүлэх зорилттой нийцжээ.
Түүнчлэн Индонез улсад үйлдвэрээс гадна нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт бусад зориулалт бүхий хэд хэдэн байгууламж нэмэлтээр ашиглалтад оруулахаар хэлэлцээ хийж байгааг дурджээ. Хэдий тийм боловч хоёр талын хооронд гэрээ хараахан байгуулагдаагүй тул тохиролцоо зайлшгүй амжилттай болно гэж тооцоолж болохгүйг онцоллоо.
Өнгөрсөн онд 65 хувиар унаад байсан “Tesla”-ийн нэгж хувьцааны ханш лхагва гарагийн байдлаар 2.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Индонезын Хөрөнгө оруулалтын сайд Балил Лахадилиа энэ талаар мэдээлэл өгөхдөө “Tesla”-тай хийх яриа хэлэлцээг тус улсын Далай ашиглалт, хөрөнгө оруулалтын яам удирдаж байгааг онцолжээ. Өнгөрсөн онд Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо Илон Масктай уулзсан бөгөөд түүнээс хойш төд удалгүй хоёр тал таван тэрбум ам.доллароор үнэлэгдэх никелийн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан юм.
Индонез улсад баригдах үйлдвэр нь хилийн чанадад байршилтай “Tesla”-ийн гурав дахь үйлдвэр болно. Тус компани цаашид дэлхий даяар 10-12 үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаагаа Илон Маск өнгөрсөн наймдугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр онцолж байв.
Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 675 сая хэрэглэгчтэй Зүүн Өмнөд Азийн зах зээлийн үүд нээгдэх боловч Индонез улс өөрөө дэлхийн авто үйлдвэрлэгчдийн хувьд хүндрэлтэй зах зээлд тооцогддог. Учир нь тус улсад борлуулагдаж буй автомашинуудын дийлэнхийг 20 мянган ам.доллароос доош үнэтэй автомашинууд эзэлдэг аж.