
“Apple” компани “Mac” компьютероо “touch screen” буюу мэдрэгчтэй дэлгэцтэй болгохоор ажиллаж байгаа нь батлагдсанаар тус компанийн олон жилийн турш мөрдсөн дизайны шийдэл өөрчлөгдөж магадгүй болжээ.
Тус компани зөөврийн компьютерт “touch screen” тохиромжгүй гэж үзсээр ирсэн бөгөөд хэрэв мэдрэгчтэй интерфейсийн шаардлага гарвал “iPad” илүү зөв сонголт болохыг хэрэглэгчдэд зөвлөдөг байв. Мөн ийм өөрчлөлт хийснээр “iPad”-ийн борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол бас байжээ. Тиймдээ ч тус компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс компьютерыг “touch screen” -тэй болгох нь эргономикийн хувьд маш муу шийдэл гэж хэлж байсан удаатай.
Энэхүү төсөлд “Apple”-ийн инженерүүд идэвхтэй ажиллаж байгааг ойрын эх сурвалж мэдээлсэн ч шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах тов тодорхой бус, төлөвлөгөө цаашид өөрчлөгдөх боломжтойг онцолж байна.
Сүүлийн үед “Dell”, “Microsoft”, “Lenovo” зэрэг зөөврийн компьютер үйлдвэрлэлийн томоохон өрсөлдөгч компаниуд нь шил дараалан бүтээгдэхүүнээ “touch screen”-тэй болгож байгаа нь “Apple”-д шахалт үзүүлж буй бололтой. Түүнчлэн “Mac” компьютерын эрэлт сүүлийн жилүүдэд сэргэж, “iPad”-аас илүү орлоготой болсон нь тус компанид бүтээгдэхүүнээ аль болох анхаарал татахуйц хэвээр байлгах шаардлага үүсгэсэн юм.
“Apple”-ийн дотоодын хэлэлцүүлгээс дүгнэвэл 2025 онд “MacBook Pro”-ийн шинэчлэлтийн нэг хэсэг болгож “touch screen”-тэй анхны компьютероо танилцуулах боломжтой хэмээн эх сурвалж мэдээлжээ.