logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Уул уурхайн салбар БОНЗ-ын шалгуурыг гол эрсдэл гэж үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 30 09:00
    225
    “Ernst & Young” байгууллага уул уурхай, металл үйлдвэрлэлийн компаниудыг хамруулсан эрсдэлийг тодорхойлох судалгаа хийжээ

    “Ernst & Young” байгууллага дэлхийн уул уурхай, металл үйлдвэрлэлийн компаниудын дунд судалгаа явуулж,  2023 онд тэднийг хүлээж буй боломжууд, тулгарч буй эрсдэлүүдийг эрэмбэлжээ.

    Судалгаагаар “ESG” (БОНЗ) буюу байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур, түүнчлэн геополитик, уур амьсгалын өөрчлөлт нь уул уурхайн компаниудад ирэх жил тулгарах гурван гол эрсдэлд тооцогдож байна. Ялангуяа байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур нь хоёр дахь жилдээ дараалан компаниудад тулгарч буй гол эрсдэл, мөн боломжоор нэрлэгдлээ.

    “Дайн тулаан, уур амьсгал, Засгийн газруудын шинэ бодлого зэрэг гаднын хүчин зүйлс инфляцтай хосолсноор уул уурхайн салбарын өмнөх эрсдэл, боломжийг үргэлжлүүлэн өөрчлөхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчид болон хөрөнгийн зах зээлийн зүгээс удирдах албан тушаалтнуудаас олон түвшинд хариуцлага шаардах нь нэмэгдэж байна” хэмээн “Ernst & Young”-ийн Америк тивийн уул уурхай, металл хариуцсан захирал Тео Ямеого онцолж байна.

    Уул уурхай, металлын компаниуд “ESG”-ийн шалгуурыг стратеги, шийдвэр гаргалт, тайландаа багтааж байгаа нь нотлогдсон боловч судалгаанд оролцогчдын хариулснаар тэдний бизнест учирч буй хамгийн том эрсдэл нь “ESG” хэвээр байгаа аж.

    Түүнчлэн Засгийн газар, хөрөнгө оруулагчдын зүгээс компаниудаас хамгийн их шаардаж буй өөр нэгэн хүчин зүйл нь усны менежментээ сайжруулах явдал байсан бөгөөд цаашид энэ чиглэлд хяналт, шаардлага улам нэмэгдэхээр байгааг онцолжээ.

    Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, "ногоон үйлдвэрлэл" зэрэг байгаль орчны асуудлуудад илүү үр ашигтай стратеги, бодлого баримтлахыг шаардаж байгаа юм.

    Харин тусгай зөвшөөрөл олголт, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, ажиллах хүч жагсаалтын дараагийн байруудад бичигдэж байна.

     

    Cэтгэгдэл бичих