
Зургийг: Alex Kraus/Bloomberg
“UBS” банк “Credit Suisse” банкийг худалдан авсныхаа дараа ажиллах хүчээ 20-30 хувиар цомхотгохоор болсныг Швейцарын хэвлэлүүд мэдээллээ. Энэ нь тус компани Швейцарт 11 мянган ажилтнаа, дэлхий даяар 25 мянган ажилтнаа цомхотгоно гэсэн үг юм.
2022 оны эцсийн байдлаар дээрх хоёр банкны нийт ажилтны тоо 125 мянга байжээ. Үүний 30 хувь нь Швейцар улсад ажиллаж байгаа юм.
Швейцарын Прокурорын байгууллага “UBS” банкны худалдан авах үйл ажиллагаанд ямар нэгэн хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааг тус улсын болон бүс нутгийн хэмжээнд хийх юм байна.
“UBS” банкны зүгээс аль болох хурдан ажиллах хүчний цомхотголын цар хүрээний талаар тодорхой мэдээлэхээ илэрхийлжээ.
Харин “Credit Suisse” банк 3.3 тэрбум ам.долларын хэлцэл эцэслэгдэхээс өмнө 9000 ажилтнаа цомхотгохоор төлөвлөж буйг Швейцарын хэвлэлүүд мэдээлж байсан юм.
“Deutsche Bank”, “Citigroup” болон “JPMorgan Chase” зэрэг санхүүгийн томоохон байгууллагууд “UBS” банкны цомхотгосон хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдийг ажилд авахаар бэлтгэж буйг эх сурвалж мэдээлсэн байна.