logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "PDAC 2023" чуулганаар уул уурхайн 400 гаруй компанийн төлөөлөл хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 27 16:00
    399
    Уул уурхайн салбарын дэлхийн хамгийн том чуулган эхлэхэд 7 хоног үлдлээ

    Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын дэлхийн тэргүүлэх арга хэмжээ болох PDAC чуулган энэ онд Канад улсын Торонто хотноо гуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

    Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada)-ийг 1932 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн юм.  Уул уурхайгаар хоорондоо холбогдсон дэлхийн бүхий л байгууллага, компани, иргэдийн уулзах цэг болдог PDAC чуулганыг энэ салбарын "Super Bowl" хэмээн зүйрлэн нэрлэдэг.  

    Чуулганы хүрээнд зарлагддаг боловсролын хөтөлбөрүүд, хүрээллээ тэлэх арга хэмжээнүүд болон бизнесийн гайхалтай боломжуудын төлөө дэлхийн 130 гаруй улсын 30 мянга гаруй зочин төлөөлөгч  PDAC чуулганыг зорин очдог байна. Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид, Гүйцэтгэх захирлуудаар хүрээллээ тэлж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй зөвлөмж, дүн шинжилгээг сонсох цор ганц боломж нь PDAC чуулган юм.

    2022 оны PDAC чуулганд 120 орны 17 мянга 445 зочин төлөөлөгч, 1293 хөрөнгө оруулагч оролцож, 265 илтгэгч илтгэл тавьж, 1085 үзэсгэлэн, худалдааны талбай үйл ажиллагаа явуулжээ.

    PDAC чуулган 2023 онд 91 дэх удаагаа зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын хувьд олон улсын хөрөнгө оруулалт эрэлхийлэн 2006 оноос хойш тасралтгүй оролцож байгаа юм. Энэ удаагийн чуулганд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран хөрөнгө оруулалтын өдөрлөг зохион байгуулж, үзэсгэлэнгийн талбайгаа нээн оролцоно. Түүнчлэн чуулганд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, “Xanadu Mines” компанийн олборлолтын дэд Ерөнхийлөгч Эндрю Стюарт, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар илтгэл тавих хуваарьтай байна.

    "Bloomberg TV Mongolia" телевиз нь PDAC-тай байгуулсан хэвлэл, мэдээллийн түншлэлийн гэрээнийхээ хүрээнд "PDAC 2023" арга хэмжээний бүхий л мэдээ, мэдээллийг газар дээрээс нь сурвалжлан онцгой эрхтэйгээр хүргэнэ.

    “Bloomberg TV Mongolia” нь 2019 болон 2022 онд PDAC арга хэмжээг газар дээрээс нь сурвалжилж, шуурхай мэдээлж байсан юм. 2022 онд PDAC-ийн Ерөнхийлөгч Алекс Кристофер, Канадын уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч Пьер Граттон, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкоф нартай тусгай ярилцлага хийж, Монгол Улсын эдийн засагт хамаатай байр сууриудыг хүргэж байлаа.

    Мөн компаниудын төлөөллөөс Монгол Улсад лити илрүүлсэн “Ion Energy” компанийн Гүйцэтгэх захирал Али Хажи, “TMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал Брендад Статс нартай Монгол Улсын дэлхийд гарах боломж бололцооны талаар дэлгэрэнгүй ярилцаж байв.

    “Bloomberg TV Mongolia” нь PDAC форумын голлох мэдээллийг өдөр бүр цаг алдалгүй газар дээрээс нь мэдээлж, мэдээний хөтөлбөрүүдээрээ шууд дамжуулан хүргэхээс гадна үзэгчдэдээ зориулан чуулганаар хөндөгдсөн гол сэдвүүд, оролцогчдын онцлох байр суурийг багцлан тусгай хөтөлбөрийг хүргэнэ.

    Энэ хүрээнд "PDAC 2023" арга хэмжээний бүхий л мэдээ, мэдээллийг өдөр тутмын мэдээллийн хөтөлбөрүүд, bloombergtv.mn веб сайт болон бусад сошиал платформуудаараа дамжуулан газар дээрээс нь шууд сурвалжлан онцгой эрхтэйгээр хүргэх болно.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих