Олон удаа хэлэлцсэний эцэст төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлэгч “Vale” компани никель болон зэсийн бизнесээ тусгаарлах төлөвлөгөө гаргалаа. Цэнэг хураагуурын голлох түүхий эдүүдийн эрэлт цаашид өсөх хандлагатай байгаа юм.
Компанийн зүгээс төмрийн хүдрийн бизнесээ суурь металлуудын бизнесээс салгаж, ирэх оны дунд үеэс энэ салбарт стратегийн түнштэй болохоор төлөвлөж байгааг Гүйцэтгэх захирал нь мэдээлсэн байна.
Энэ хүрээнд “Vale Base Metals” нэртэй бие даасан охин компанийг байгуулж, суурь металлуудын гүний уурхайн олборлолт болон цахилгаан автомашины үйлдвэрлэлийн салбарт анхаарлаа хандуулахаар болжээ.
Энэхүү охин компани нь Канадын никелийн уурхай, Индонезийн хамтарсан үйлдвэр, Бразилын Онка Пума никелийн уурхай болон Салобо зэсийн төслийг хариуцан ажиллана гэж тус компанийн танилцуулгад дурджээ.
Бизнесийн үйл ажиллагаагаа ийнхүү хоёр хэсэгт салгаснаар суурь металлын салбарт шаардлагатай нэмэлт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгоход илүү дөхөм байна гэж тус компанийн удирдлага мэдэгдсэн байна.
Шинээр байгуулагдах компанийн 10 орчим хувийг хамтрагчдад худалдах сонирхолтой байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 40 орчим тэрбум ам.доллар байна гэж “Vale” тооцоолоод байгаа аж.