
Зургийг: Ian Waldie/Bloomberg
Дэлхийн уул уурхайн хамгийн том компани “BHP” Баруун Австрали дахь Яндигийн төмрийн хүдрийн төслийнхөө олборлолтын тоног, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд гидро цэвэршүүлэлтийн аргаар боловсруулсан ургамлын тосыг (HVO) туршилтын журмаар ашиглаж эхэлснээ пүрэв гарагт мэдээллээ.
HVO тосноос гаргаж авсан сэргээгдэх дизель түлшийг “B”P компани түншлэлийн гэрээний дагуу нийлүүлэх бөгөөд гурван сар үргэлжлэх туршилтын эхний шатанд ачаа тээврийн хүнд машин механизм болон бусад тоног төхөөрөмжид ашиглах юм байна.
““BHP"-ийн үйл ажиллагааны явцад ялгарсан хүлэмжийн хийн 40 гаруй хувь нь дизель түлшний хэрэглээнээс үүдэлтэй байдаг. Иймд бидний нүүрстөрөгчгүйжүүлэх стратегийн гол анхаарал хандуулах асуудал нь энэ байх болно” хэмээн тус компанийн Баруун Австралийн төмрийн хүдрийн төсөл хариуцсан Ерөнхийлөгч Брэндон Крэйг онцолжээ.
Мөн тус компанийн эцсийн зорилго нь ачаа тээврийн автомашины паркаа бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгон шинэчлэх явдал боловч шилжилтийн явцад HVO зэрэг бусад төрлийн түлшний хэрэглээ компанийн ялгаруулалтыг багасгахад дэм болохыг тэрбээр онцолсон байна.
“BHP” компани 2030 он гэхэд үйл ажиллагааны явц дахь хүлэмжийн хийн ялгаруулалтаа хамгийн багадаа 30 хувиар бууруулах дунд хугацааны зорилтыг 2020 оны санхүүгийн жилийн суурь үзүүлэлтдээ дэвшүүлсэн байна. 2020 оны санхүүгийн жилд тус компанийн үйл ажиллагааны явц дахь ялгарлын 40 орчим хувийг дизель хөдөлгүүртэй төхөөрөмжүүд бүрдүүлжээ.