logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Н.Мөнхбаяр: Хаягдал дугуйгаар резин хавтан үйлдвэрлэж байна. Нийслэлд түүхий эд хангалттай бий
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 26 11:40
    1106
    Дэлхий дахинд 50-60 жилийн өмнө нэвтрүүлсэн технологи ашиглан хаягдал дугуйгаар резин хавтан үйлдвэрлэж буй “Инахис” ХХК-ийн Захирал, биологич Н.Мөнхбаярын “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

    - Танай компани дотоод зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна вэ. Цагт болон хоногт хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ? 

    -  Цагт 100 ширхэг дугуй буталдаг. Хоногт түүхий эдийн хэмжээнээс хамаараад 80-100 м.кв резин хавтан үйлдвэрлэх чадалтай. Өөрөөр хэлбэл хоногт нэг цэцэрлэгийн талбай тохижуулаад явах боломжтой. Дотоодын зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг. Үлдсэн 40 хувьд БНХАУ-аас импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнүүд ордог. 

    - Импортын бүтээгдэхүүнээс чанарын хувьд ямар вэ? 

    - Үндэсний үйлдвэрлэл учраас хариуцах эзэнтэй. Манайхаас авсан бүтээгдэхүүнийг хэрэглээд муудсан бол бид үнэгүй солиод өгдөг. Бид насан туршийн баталгаа олгож байгаагаараа импортоос давуу талтай. Манай компани байгуулагдсан цагаасаа хойш 3R, 4R зэрэг ногоон технологи, инновац шингээсэн бүхий л уралдаанд орж шагнал авсан. Гэвч Төрөөс импортыг орлох бүтээгдэхүүнээ худалдан авдаггүй. 

    - Бүтээгдэхүүний түүхий эд хаягдал дугуй хэр олдоцтой байдаг вэ? 

    - Дэлхийд хаягдал дугуй ашигладаг таван янзын арга байдгийн зөвхөн нэг нь л энэ. Манайх түүхий эдээ Монголдоо 99 хувь бэлтгэдэг. Өөрсдийнхөө хөрөнгөөр ойролцоох дугуй засварын газруудаас цуглуулдаг. Бусад улсад бол дугуйнаас гарсан түүхий эд  болох гантай төмрийг буцааж ашигладаг. Тухайлбал: хадаас, алх, сүх хийдэг. Харин Монголд ашиглах боломж байхгүй. Тиймээс Монголд каучукийн үйлдвэр барья гэсэн зорилго тавиад байгаа. 

    resin.jpg

    Хаягдал дугуй гэхээр манайхан бүх дугуйг л гэж ойлгодог. Гэтэл ямар бүтээгдэхүүн хийхээсээ шалтгаалан хүний эрүүл ахуйд нөлөөлнө. Брэнд дугуй гэж ярьдаг дугуйнууд манай түүхий эдийн 80-90 хувийг бүрдүүлдэг. Том оврын ачааны автомашин, хүнд даацын автомашины дугуй  бол өөр ангилалд багтана. Дугуйныхаа бүтэц найрлагаас хамаарч өөр өөр байдаг гэсэн үг. Бидний судалгаагаар Монгол Улс 600 мянган автомашинтай жилд нэг сая орчим хаягдал дугуй гардаг. Тийм тооны дугуйг засварын газрууд хаядаг бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд 1500 орчим дугуй засварын газар бий. Жижиг, томоосоо хамаараад нэг дугуй 10-30 кг жинтэй байдаг. Түүнийг зөөвөрлөх нь л асуудал болохоос олдцын хувьд хүндрэл байхгүй. 

    - Covid-19-ийн үед импортын хамаарлыг багасгах хандлага нэмэгдсэн гэж үйлдвэрлэгчид хэлдэг. Хаягдал дугуйгаар резин хавтан үйлдвэрлэдэг компанийг Төр яаж дэмжих боломжтой вэ?

    - “Монголдоо бүтээцгээе”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж ярьдаг ч ажил хэрэг болдоггүй. Жишээлбэл: Агаар орчны бохирдлын үндэсний хорооноос хог, хаягдлаа дахин боловсруулж байгаа үйлдвэрүүдээ дэмжихгүй байна. Төр шууд худалдан авалт  хийнэ гэдэг ч хийдэггүй. Манайх шиг ижил төстэй орнуудын хувьд  хог, хаягдлаа дахин боловсруулж байгаа үйлдвэрүүдээ Төрөөс цахилгаан эрчим хүч, НӨАТ болон бусад татвараас нь хөнгөлж байна. Харин Монголд ямар ч дэмжлэг байдаггүй. Үгүй ядахдаа импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмээд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл технологи, ажилчид ч дагаад сайжирна.

     

    Ярилцсан З.Энхболор

    Cэтгэгдэл бичих