
Зургийг: Т.Баттулга
Монгол Улсад буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр 15 дугаарт бичигддэг, Европын хоёр дахь том эдийн засаг болох Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ ням гарагт Монгол Улсад айлчлах гэж байна. Энэхүү айлчлал нь Франц улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал болж байгаа юм.
Айлчлалаар эн тэргүүнд Монгол Улс, Франц улсын харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэж, ахиулах асуудал хамгийн их анхаарал татаж байгаа юм. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.
Мөн хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцох аж.
Харин уул уурхайн салбарт Монгол, Францын хамтарсан ураны төслийн явцыг ахиулах, цаашлаад ураны нөөцийг ашиглах атомын цахилгаан станц барих асуудлууд хөндөгдөж байна.
Монголд ураны төсөл хэрэгжүүлэгч “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард "Монгол Улсад жижиг хэмжээний цөмийн реактор маш тохиромжтой. Тухайлбал: ганц жижиг хэмжээний цөмийн реактор Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэглээг бүрэн хангах боломжтой" гэж мэдэгдэж байсан юм.