
Зургийг: Jeremy Erickson/Bloomberg
АНУ-ын санах ойн чип үйлдвэрлэгч томоохон компани “Micron Technology” компанийн импортод БНХАУ кибер аюулгүй байдлын шалгалт явуулахаар боллоо.
Мэдээллийн дэд бүтцийн нийлүүлэлтийн сүлжээний бүрэн бүтэн байдлын хангах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд шалгалт хийж байгааг БНХАУ-ын Засгийн газар мэдээлсэн байна.
“Micron Technology” компанийн зүгээс зохицуулагч нартай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тус компанийн дэлхий даяарх нийт борлуулалтын 11 хувийг Эх газрын Хятад дангаараа бүрдүүлдэг аж.
Хяналт явуулах тухай мэдээлэл гарснаар хувьцааны ханш нь баасан гарагт сүүлийн гурван сар дахь хамгийн өндөр дүнгээр буюу 4.4 хувиар унаад байна.
Дэлхийн томоохон эдийн засгууд нэг нэгнийхээ технологийн компаниудыг үндэсний аюулгүй байдлын эрсдэл гэж харах нь нэмэгджээ. Тухайлбал: Вашингтон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ дэх байр сууриа хамгаалж, дэвшилтэт технологийн экспортыг хязгаарлах бодлого баримталж байгаа аж.
АНУ БНХАУ-ын хэд хэдэн технологийн компанид хориг тавиад зогсохгүй дэвшилтэт чипийн урсгалыг хязгаарлах, улсынхаа иргэдийг БНХАУ-ын хагас дамжуулагчийн салбарт тодорхой төрлийн тусламж үзүүлэхийг хориглосон юм.