
Зургийг: Bryan Anselm/Redux
Гаутам Адани, Жак Дорси, Карл Айкан. Эдгээр томчуудыг нэг нэгээр нь "намнасан" эр бол Нэйт Андерсон.
Энэ онд тэрбээр хэдхэн сарын дотор дээрх гурвын нийлүүлсэн хөрөнгөөс 99 тэрбум ам.долларыг, нээлттэй компаниудынх нь үнэлгээнээс нийт 173 тэрбум ам.долларыг арчиж хаясан юм. Эцэс төгсгөлгүй хууль шүүхийн асуудлууд, Засгийн газрын хяналт шалгалт зэргээс болж томоохон "short" арилжаалагчид анхаарлын төвөөс гараад буй энэ үед сийрэг толгойтой судлаач Нэйт Андерсон зах зээлд хамгийн зоригтой тоглогчоор тодроод байна.
Хэдий тийм боловч хамгийн гайхмаар нь 10 гаруй судлаачаас бүрдсэн жижигхэн "Hindenburg"-ийг удирддаг, өдгөө 39 настай Нэйт Андерсоны хувьд эдгээр тулаануудаас харьцангуй бага ашиг унагасан байх магадлалтай аж.
Тэрбумтан Карл Айканы холдинг компани "Icahn Enterprises"-ийг хөрөнгөө хэтрүүлж үнэлсэн гэж буруутгасан түүний тавдугаар сарын хоёрны тайланг авч үзье. Дөрвөн долоо хоногийн хугацаанд тус компанийн хувьцааны уналт тэрбумтны хөрөнгийг 17 тэрбум ам.доллароор хорогдуулав. Гэтэл тайлан гарахаас өмнө хувьцааг нь "short"-лсон байсан бүх хөрөнгө оруулагчид хэрэв яг зөв цагтаа гарсан гэж үзвэл нийлээд ердөө 56 сая ам.долларын ашиг олох байсныг "S3 Partners" тооцоолжээ.
Харин Энэтхэгийн тэрбумтан Гаутам Аданиг онилохдоо Нэйт Андерсон бондын "short" арилжаа хийжээ. Энэхүү зах зээлийн архагуудын хэлж буйгаар тухайн үед ашигтай байрлал бий болгоход тун хэцүү байх байсан тул тэрбээр дээрхээс ч бага ашиг олсон байж магадгүй гэжээ.
Хэдийгээр Нэйт Андерсон эдгээр үйл явдлуудад тайлбар өгөхөөс татгалзсан ч өмнөх цөөн ярилцлагууд, мөн итгэлт хүмүүстээ хэлсэн үгсээс нь харвал нэг зүйл тодорхой болно. Түүний үйл хэргийн гол хөдөлгөгч хүч нь мөнгө биш аж.
Манхэттэнд унтлагын хоёр өрөөтэй тансаг зэрэглэлийн сууцад аж төрдөг тэрбээр "Маш сайхан амьдарч байгаа"-гаа өмнө нь ярьж байжээ. Түүнд сэдэл өгдөг гол хүчин зүйл нь өөрийн буруу, хортой гэж үзсэн үйлдлүүдийг илчлэх, зүй бусаар хэт томорсон гэж үзсэн компаниудыг унагаах явдал аж. Салбарын нэгэн өрсөлдөгч нь үүнийг “short” арилжаалагчийн сонгодог сэтгэлгээ гэж тодорхойлсон бөгөөд бүх зүйл хэрхэн доройтож байгааг ойлгож, тэдгээрийг илчлэх хүсэл тэднийг хөтөлдөг гэжээ.
“Wall Street”-д төдийлөн анхааралд өртдөггүй хэд хэдэн ажил сольсныхоо дараа Нэйт Андерсон АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны шүгэл үлээгчийн хөтөлбөрт мэдээлэл өгөх замаар амьдралаа залгуулахаар оролджээ. Гэвч тэрбээр хангалттай олж чадахгүй хэвээр байв. Ийнхүү тэр цахим орчинд тайлангууд нийтэлж эхэлсэн бөгөөд 2020 оны эхэн үе гэхэд зах зээлийн байдал зөөлөрч, "Hindenburg"-ийн нөлөө, нэр хүнд өсөж байв. Хэдийгээр тэрбээр арилжаанаас олон саяыг олсон байж болох ч “Wall Street”-ийн томоохон компаниудын стандарттай харьцуулахад багадаа орно. Харин хувьцаа эзэмшигчдийн алдсантай харьцуулбал түүний ашиг юу ч биш.
Энэ онд бүхий л анхаарал Нэйт Андерсон болон түүний “short” арилжааны компани руу чиглэв. Нэгдүгээр сард тэрбээр тухайн үедээ хөрөнгийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байсан Гаутам Аданигийн удирддаг 10 нээлттэй компаниас бүрдсэн "Adani Group"-ийг онилсноор олон улсын зах зээлийг доргиов. Тус группийн тэргүүн компани "Adani Enterprises" хэдхэн өдрийн дотор зах зээлийн үнэлгээнийхээ тэн хагасыг алдсан. Харин гуравдугаар сарын эцсээр Жак Дорсигийн цахим төлбөр тооцооны венчур компани "Block" түүний ээлжит дайралтад өртөж, тухайн долоо хоногийн сүүлээр хувьцаа нь 16 хувиар унаад байлаа.
Тавдугаар сард "Icahn Enterprises" түүний овоо хараанд өртөж, сарын төгсгөл гэхэд хувьцаа нь 59 хүртэлх хувиар унаад байсан юм. Эдгээр гурван тайлан гурвуулаа "хохирогч" компаниуд болон тэдгээрийн эздийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаас гадна хувьцааны үнэд үзүүлсэн нөлөө нь "Hindenburg"-ийн өмнөх тулаануудынхаас давжээ. 2020 оноос хойш "Hindenburg" 30 гаруй компанийн эсрэг тайлан гаргасан бөгөөд дараах өдөрт нь тэдгээр компаниудын хувьцаа дунджаар 15 хувиар унаж байжээ.