logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    “Brain Drain” буюу Монголоос оюунлагууд нь зугтахaд юу нөлөөлж байна вэ?
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 15 11:05
    7017
    “Brain Drain” гэдэг нь ядуу улсын гайгүйхэн боловсон хүчнийг мөнгө болон амьдралын таатай нөхцөл зэргээр уургалан татаж, хөгжилтэй орнууд “эз дийлэн” авч явахыг хэлж байгаа хэрэг

    2017-2022 оны байдлаар “Human Flight”-“Brain Drain” индексээр Монгол Улсын үзүүлэлт тогтмол муудсан байна. Энэхүү индекс нь иргэд амьдарч буй газраа орхин явах нь эдийн засгийн талаасаа ямар нөлөөтэйг илэрхийлдэг гэдгээрээ онцлогтой.  

    2022 онд Монгол Улсын үнэлгээ 10 онооноос 4.3 болж, сүүлийн долоон жил тасралтгүй өсжээ. Энэхүү оноо өндөр байх тусам иргэдийн гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байгааг харуулдаг аж. Заавал гадаад гэлтгүй орон нутгаас нийслэлд шилжин ирэх иргэдийн тоо жилд мянга мянгаар хэмжигдэж байгаа юм. 

    Capture.JPG

    “Brain Drain” гэдэг нь ядуу улсын гайгүйхэн боловсон хүчнийг мөнгө болон амьдралын таатай нөхцөл зэргээр уургалан татаж, хөгжилтэй орнууд “эз дийлэн” авч явахыг хэлж байгаа хэрэг. Тиймээс ядуу улс ядуу хэвээрээ л үлддэг хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өөрийн блогтоо бичжээ.

    Үүнд маш олон макро болон микро хүчин зүйлүүд нөлөөлж байх талтай. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, иргэдийн нийгмээс дэмжлэг авах боломж, эрүүл аж төрөх, амьдралын сонголт хийх эрх чөлөө, авлига зэрэг үзүүлэлтүүдээр тооцон гаргадаг “Аз жаргалын индекс”-ээр Монгол Улс 2021 онд  145 улсаас 70 дугаарт бичигдэж байсан бол 2022 онд 68 дугаарт эрэмбэлэгджээ. Харин авлигын төсөөллийн индексийг авч үзвэл Монгол Улс сүүлийн гурван жилийн хугацаанд ахиц гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл тэгш боломж тэр хэрээр хулгайлагдаж байна гэсэн үг. 

    Үүний нэг илрэл нь хүнд суртал. МҮХАҮТ-ын танилцуулсан судалгаагаар Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан бөгөөд 2018 онтой харьцуулахад Төрийн үйлчилгээ авахад хүнд суртал ихэссэн гэж бизнес эрхлэгчид үзжээ. Тэдний 90 орчим хувь нь Төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар зургаан баримт бичиг бүрдүүлж, Төрийн гурван албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулдаг гэсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын 45 хувь нь Төрийн үйлчилгээ авахдаа ямар нэг албан бус зардал гаргадаг аж.  

    Мөн Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй 2020” тайлангаас харахад шинээр бизнес эхлүүлэхтэй холбоотой үзүүлэлтээр Монгол Улс 190 улсаас 100 дугаарт бичигдсэн бол Монголоос хоёр дахин жижиг эдийн засагтай, хөгжлийн хувьд ойролцоо гэгддэг Киргиз улс 42 дугаарт бичигдсэн байна. 

    Жилийн 365 хоногийн бараг 10-ны нэгийг түгжрэлд өнгөрүүлдэг нийслэлчүүдийн хувьд агаарын бохирдол, хөрсний бохирдол бас нэгэн санаа зовоосон асуудал болоод удаж буй. Ажиллах хүчний оролцооны түвшин 30 орчим жилийн хамгийн доод түвшинд хүрч буураад буй энэ үед чадварлаг ажиллах хүчнээ алдахгүй байх, судалгаа хөгжүүлэлтэд хөрөнгө оруулж, инновац, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, эрүүл өрсөлдөөний орчныг бүрдүүлэх нь бодлого тодорхойлогчдын хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна.

    Cэтгэгдэл бичих