
Зургийг: С.Батсайхан
2023 он гарсаар наймдугаар сарын наймны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани 15 сая тонн нүүрс борлуулаад байгаагаа мэдэгдлээ. Оны эхний долоон сард Монгол Улс нийт 34 сая тонн чулуун нүүрс экспортолсон бөгөөд нийт экспортын 44 хувийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа бүрдүүлжээ.
IV, V сард БНХАУ-д нүүрсний эрэлт буурч, үнэ унаад байсан бол долоодугаар сард эргэн сэргэсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилээр гаргасан нүүрсний мэдээллээр III болон VI, VII сард тус тус 2.6 сая орчим тонн нүүрс давуулан экспортолсон нь дээд хэмжээ боллоо.
Боомтууд дэх нүүрс тээврийн үзүүлэлтийг харвал долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын дөрвөний өдрүүдэд БНХАУ-ын Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 1069 автомашин гарч байсныг “SXCoal” мэдээлсэн юм. Энэ нь өмнөх долоо хоногтой нь харьцуулахад 57-оор өслөө. Түүнчлэн наймдугаар сарын гуравны өдөр тус боомтоор нүүрс тээврийн 1203 автомашин гарсан нь онцлох үзүүлэлт болж байна.
Харин БНХАУ-ын Сэхэ боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар нүүрс тээврийн 503 автомашин нэвтэрч байсан нь өмнөх долоо хоногоосоо 23-аар өссөн үзүүлэлттэй байна. Харин Мандал боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 162 автомашин нэвтэрчээ.
Нүүрсний үнэ эргэн сэргэж байгаа нь нүүрсний арилжаа нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Мөн энэ долоо хоногт ч нүүрсний үнэ тогтвортой байна гэж “SXCoal”-ийн шинжээчид үзэж байна.