“AmCham Mongolia”-ийн сар бүрийн уулзалтаар 2023 онд Монгол Улсад тулгарч болох сорилт болон эдийн засгийн төлөвийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл, үнийн дарамт, төсвийн алдагдал зэрэг хүндрэлүүдийг онцолсон байна.
2023 онд Монгол Улсын Засгийн газрын хувьд гадаад өр зайлшгүй шийдэх ёстой асуудал болно гэж Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдлээ. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг БНХАУ-ын хил гааль, ОХУ-аас импортлох шатахуун, “Оюутолгой” төслийн хэрэгжилт гэсэн хэдхэн хүчин зүйлээс хамаарсан, эмзэг байгааг анхааруулав.
Харин Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ханнес А.Такач “2023 оны төсөв эрдэс бодисын экспортын төсөөллөөс хамааралтай байна. Экспорт зорилтот хэмжээнд хүрэхгүй бол төсвийн алдагдал тооцоолсон хэмжээнээс нэмэгдэх”-ийг анхаарууллаа.
Мөн Монголбанк цаашид мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх төлөвтэй байгаагаас бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн өртөг нэмэгдэхийг тодотгов.
ЕСБХБ-ны хувьд 2022 онд Монгол Улсын эдийн засаг гурван хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь тавдугаар сард танилцуулсан төсөөллөөс 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 2023 онд экспортын хэмжээ цар тахлын өмнөх үедээ хүрч, өсөлт долоон хувьд хүрнэ гэж тооцоолж байна.
ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Ханнес А.Такач
Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев