
Даяарчлалын сүүлийн 30 жилд хамгийн их хожсон барууны орон бол ХБНГУ. ОХУ хямд эрчим хүчээр хангачихна. Хөгжиж буй орнууд хямд ажиллах хүчээ илгээнэ. Бараг хүн бүр “Mercedes-Benz”, “BMW”, “Audi”-тай болохыг мөрөөднө. Дээр нь нэмээд батлан хамгаалахын зардлыг нь АНУ даах болсон учир германчууд бүх эрч хүчээ мөнгө олохын тулд зарцуулсан гэхэд хилсдэхгүй.
Ийнхүү Герман улс хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө дэлхийн хаана ч ажиллаж чаддагаа харуулах боломжийг даяарчлалын шинэ эрин олгосон юм. Хэдий тийм боловч нэгэн санаа зовоосон асуулт урган гарч ирж байна. Даяарчлалаас хамгийн их хожсон улс дангааршлаас хамгийн их хохирсон улс болох уу? Сүүлийн үеийн мэдээллүүдийг харвал тийм ч эерэг хүлээлт үүсгэхгүй. Тус улсын том компаниуд стратегиа өөрчилье гэхээр БНХАУ-аас хэт хамааралтай нь асуудал болно. Тухайлбал: “Porsche” зэрэг тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчдийн хамгийн том зах зээл нь БНХАУ. Мөн “Mercedes-Benz”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох “Beijing Automotive Group” нь мөн л БНХАУ-ын компани юм.
Гэхдээ ХБНГУ-ын эдийн засгийн жинхэнэ хөдөлгүүр нь аварга корпорацууд бус, харин таны өмнө нь хэзээ ч дуулаагүй байж магадгүй дунд хэмжээтэй компаниуд байдгийг Маннхеймийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн профессор Винфрид Вебер онцолж байна. 2020 оны "Fortune 500" жагсаалтад БНХАУ-аас 134, АНУ-аас 130, Японоос 62 компани багтсан бол Германы 28-хан компани бичигджээ. Гэтэл тус улсад өөрийн салбартаа дэлхийн “Топ 3”-т бичигддэг 1000 гаруй компани байдаг нь сонирхолтой.
Германчуудын "Mittelstand" буюу "Нуугдмал аваргууд" гэж нэрлэдэг тэдгээр компаниуд өдгөө улсынхаа бизнесийн салбарын дийлэнхийг, нийт ажлын байрны 60 хувийг бүрдүүлж байна. "Нуугдмал" гэсний учир нь гэвэл нэгдүгээрт тэд зах зээлд төдийлөн анхаарал татдаггүй талбарт мэргэшдэг, хоёрдугаарт олны хөлөөс аль болох хол байхыг эрхэмлэж, ихэвчлэн жижиг хот тосгодод байршдагтай холбоотой аж. "Германы нууц нь хаана ч биш хаа нэгтээ оршдог" хэмээн Вебер хэлсэн нь үүнийг тодотгоно.
Жишээлбэл: "Poeschl Tabak" дэлхийн хамрын тамхины зах зээлийн 50 хувийг эзэлдэг бол "Flexi" хэмээх компани нохойны эвхэгддэг уяаны зах зээлийн 70 хувийг хангадаг.
Харин "Herrenknecht" нь туннел ухагч машины үйлдвэрлэлээр барууны ертөнцөд тэргүүлдэг компани юм. Альпийн нурууны 57 км урттай Готтхардын туннел, Катарын Доха хотын метроны сүлжээг ухсан инженерчлэлийн гайхамшигт техникийг бүтээсэн тус компани өдгөө Панамын суваг доогуурх туннел болон Их Британийн өндөр хурдны галт тэрэгний шугамд ашиглагдах машины захиалга дээр ажиллаж байгаа аж.
Аллманншвайер хэмээх жижигхэн хотод төрж өссөн Мартин Херреннехт нь 1977 онд ээжээсээ 20 мянган ам.доллар зээлж, дээрх компанийг байгуулж байжээ. Тэрбээр цэвэр бохир усны шугам, цахилгааны кабельд зориулсан бага хэмжээний туннел ухдаг машин бүтээх замаар анх жижгээс эхэлж, яваандаа нүсэр том, дэвшилтэт технологийн машинууд бүтээхэд бүх ашгаараа хөрөнгө оруулалт хийх болсон аж.
Энэ мэтчилэн даяарчлалын шинэ эринд тэсэж үлдэх гурван том чанар “нуугдмал аваргуудад” бий. Нэгдүгээрт өөрийн сонгосон салбартаа дэлхийн тэргүүлэгч байх ганхашгүй нэг л зорилго. Хоёрдугаарт тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг дуурайлган хийхэд маш хэцүү гэдэг утгаараа “хямд” өрсөлдөөнөөс хамгаалагдсан байдал орно. Гуравдугаарт тэдний хэрэглэгчдээсээ хүлээсэн итгэл, тэдэнтэй удаан хугацаанд бэхжүүлсэн гүнзгий харилцаа юм.
Adrian Wooldridge