
Тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компани санхүүгийн жилийн борлуулалтын төсөөллөө хоёр дахь удаагаа өсгөлөө.
Энэ нь тус компанийн ашгийн маржин сайтай загварууд, автомашины тусгай тоноглолын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойн зэрэгцээ валютын ханшийн зөрүү борлуулалтын орлого өсөхөд нөлөөлжээ. Италид төвтэй “Ferrari” компани оны эцэст борлуулалтын орлого нь 1.73 тэрбум евро болно гэж тооцоолжээ.
"Mercedes-Benz" тэргүүтэй бусад автомашин үйлдвэрлэгчдийн үнээ өсгөх зарчмаар эдийн засгийн уналтыг давах бизнесийн загварыг "Ferrari" мөн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Дэлхий даяар нүүрлээд буй инфляц болон бодлогын хүүгийн өсөлтөд чинээлэг худалдан авагчид хамгийн бага өртөөд байгаа юм.
Түүнчлэн нийлүүлэлтийн сүлжээний саатлын улмаас эд ангийн үнэ өссөн нь автомашин үйлдвэрлэлийн салбарт тулгамдаад байгаа гол асуудал болж байна. Үүнтэй холбоотойгоор “Ferrari” компани 2023 оны эхний улиралд 215 мянган еврогийн үнэтэй “Portofino” загвар болон 1.6 сая еврогийн үнэтэй “Monza” загваруудынхаа үнийг нэмэхээр төлөвлөжээ. Мөн тус компани удаан хүлээлгэсэн “Purosangue” загвараа есдүгээр сард худалдаанд гаргасан юм.
III улиралд “Ferrari”-ийн цэвэр ашиг 435 сая евро байсан нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болсон байна. Харин нийт борлуулсан автомашины тоо 16 хувиар өсөж, 3188 болжээ.